“Мөнгөн усны чимээгүй аюул, Минамата конвенц” гэрэл зургийн үзэсгэлэн нээв

Орон нутагт | Ховд
lkhagwa@montsame.gov.mn
2020-09-21 17:55:29

Ховд /МОНЦАМЭ/. Мөнгөн усны хэрэглээ болон түүний хор хөнөөлийг иргэд, олон нийтэд таниулах зорилго бүхий гэрэл зургийн үзэсгэлэн, мөн сургалтыг Ховд аймгийн Жаргалант, Алтай суманд энэ сарын 17-24-ний өдөр зохион байгуулж байна.  

БОАЖЯ-ны харьяа Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төв, Ховд аймгийн БОАЖГ болон planetGOLD Монгол төсөл хамтран “Мөнгөн усны чимээгүй аюул..., Минамата конвенц” гэрэл зургийн үзэсгэлэн зохион байгууллаа. Мөн “Мөнгөн усны тухай Минаматагийн конвенц ба Бичил уурхай” сэдэвт сургалтыг Ховд аймагт зохион байгуулж байна.   

Энэ сургалтаар орон нутгийн төрийн байгууллагын албан хаагчид, олон нийтэд Минаматагийн Конвенц, бичил уурхайн үйл ажиллагаагаар алт олборлох талаар болон Монгол Улсын Засгийн газрын хүлээсэн үүрэг, Үндэсний хөтөлбөрийн талаарх мэдлэг, мэдээллийг түгээх, алт олборлох үйл ажиллагаан дахь мөнгөн усны хэрэглээг зогсоох талаар орон нутгийн хөгжлийн төлөвлөгөөнд тусгах, шийдвэрлэх боломжийг хэлэлцсэн аж.  

Мөнгөн ус нь агаар мандлаар хол зайд дамжин хүний хүчин зүйлийн нөлөөгөөр байгаль орчинд ялгарч цаашид задралгүйгээр үлдэн экосистемд био-хуримтлал үүсгэх чадвартай тул хүний эрүүл мэнд болон байгаль орчинд асар их хэмжээний сөрөг нөлөөлөл үзүүлдэг.

Япон улсад тохиолдсон мөнгөн усны хордлогоос үүдэлтэй Минамата гэх аймшигт өвчний түүхэн сургамж болж дэлхий нийтийг түгшээж эхэлснээс хойш 50 гаруй жил өнгөрсөн боловч хор уршиг нь арилаагүй байгаа аж.

Минамата өвчин албан ёсоор илрэн тогтоогдсон 1956 оноос хойш дэлхийн бүх оронд алт угаахад мөнгөн ус хэрэглэхийг хуулиар хориглосон байдаг.

Монгол Улс нь “Мөнгөн усны тухай” Минамата Конвенц-д 2015 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр нэгдэн орсон.

 

Холбоотой мэдээ