Баянзүрх дүүрэгт 100 хүүхдийн шинэ цэцэрлэг ашиглалтад оров

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2020-09-22 15:02:27

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн Баянзүрх дүүргийн 3 дугаар цэцэрлэгийн хуучин барилгыг буулгаж, шинээр 100 хүүхдийн цэцэрлэг барьж ашиглалтад орууллаа.  Монгол дахь НҮБ-ын Хүүхдийн сан, БШУЯ хамтран хэрэгжүүлдэг “Бага насны хүүхдийн цогц хөгжил” хөтөлбөрийн хүрээнд тус дүүргийн Засаг даргын Тамгын газартай хамтран нэг тэрбум 200 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар цэцэрлэгийг барьжээ.


Энэхүү цэцэрлэгийн барилга дотоод орчны агаарын чанар, аюулгүй байдлыг хангаснаараа хүүхдэд ээлтэй орчныг бүрдүүлснээрээ онцлог юм. Барилгын механик агааржуулалтын систем нь хүүхдийг агаарын бохирдлоос хамгаалах, цэцэрлэгийн халаалтыг цахилгаанаар шийджээ. Түүнчлэн БШУЯ-наас тус цэцэрлэгт сургалтын таатай орчин бүрдүүлэхэд анхаарч цэцэрлэгийн тавилга, тоног төхөөрөмжийг нийлүүлээд байна.


НҮБ-ын Хүүхдийн сангаас БШУЯ-тай хамтран 2018 онд Баянзүрх дүүргийн 17-р хороонд Бага насны хүүхдийн хөгжлийн стратегийг боловсруулж туршсан бөгөөд 2019 онд дүүргийн хэмжээний стратеги болгон өргөжүүлсэн. Үүний үр дүнд бага насны хүүхдийн хөгжилд эрүүл мэнд, хоол тэжээл, боловсрол, асаргаа халамж, хамгааллын ач холбогдлын тухай аав ээж нарын ойлголт нэмэгдсэн байна.


Засгийн газраас хүүхдийн цэцэрлэгийн барилга барих хөрөнгө оруулалтыг жилээс жилд нэмэгдүүлж, зөвхөн 2020 оны 9 дүгээр сарын  байдлаар 45 цэцэрлэгийн барилга ашиглалтад оруулж, 5905 хүүхэд шинээр сургуулийн өмнөх боловсролын үйлчилгээнд хамрагдах боломжтой болжээ.



 

Холбоотой мэдээ