Аймаг дундын отрын бүс нутагт 121.6 мянган мал өвөлжиж хаваржина

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2020-09-23 19:55:15

Завхан/МОНЦАМЭ/.Тус аймагт 2020-2021 оны өвөл, хавар аймгийн хэмжээнд таван чиглэлээр 12 сумын 430 өрхийн 233.9 мянган мал отроор өвөлжих судалгаа ирүүлээд байна гэж аймгийн ЗДТГ-аас мэдээлэв.

Тухайлбал гадна аймагт буюу хөрш зэргэлдээ Хөвсгөл, Архангай, Баянхонгор аймгийн нутагт Их-Уул, сумаас 79 өрх, 79.9 мянган толгой мал, Тосонцэнгэл сумаас 14 өрхийн 8.6 мянга нийт 93 өрх 88.5 мянган мал отроор орж өвөлжих урьдчилсан судалгаа  ирүүлээд байна. Харин Бага хайрхны  аймаг дундын отрын бүс нутагт Дөрвөлжин, Ургамал, Завханмандал, Цэцэн-Уул, Сонгино сумдаас 122 өрхийн 121.6 мянган мал отроор орж өвөлжиж хаваржина. Мөн хилийн зурвас нутагт Тэс, Баянтэс сумдаас 88 өрхийн 33.7 мянган толгой мал  отроор орж өвөлжинө. Отгонтэнгэрийн  дархан цаазат газар нутагт Идэр, Алдархаан сумдаас  24 өрхийн  12.4 мянган толгой мал отроор орж өвөлжинө. Харин Тарвагатайн нурууны тусгай хамгаалалттай газар нутагт гурван сумын 196 өрхийн 70.3 мянган мал отроор өвөлжиж, хаваржина.

 

Бэлчээр өнжөөх ажлыг сум бүр хийжээ

Завхан аймаг өвөлд эртнээс бэлдэж бэлчээр хамгаалах олон талын ажил хийсний нэг нь үлийн цагаан оготнотой тэмцэх ажил байлаа.

Бэлчээрийн ургамал хамгаалах үлийн цагаан оготнотой тэмцэх ажлыг 21 сумын 84 багийн нутаг дэвсгэрт 165 мянган га талбайд хийгээд байгаа. Энэ арга хэмжээнд 24 сумын 82 багийн 8800 малчин оролцсон. Түүнчлэн улсын төсвийн 100 сая төгрөгийн хөрөнгөөр Ургамал, Завханмандал, Сантмаргац, Түдэвтэй сумдад инженерийн хийцтэй дөрвөн худаг шинээр гаргаад байна. Харин орон нутгийн хөгжлийн сангийн 50 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар таван суманд шинээр худаг гаргахаар ажиллаж байна. Бэлчээрийг сэлгэх, өнжөөх ажлыг сум бүр тодорхой хуваарийн дагуу сум бүрдээ зохион байгуулж ажилласан байна.

Хангайн бүсэд цаг агаар эрт сэрүүсэж байна

Завхан аймагт бэлчээрийн төлөв байдал наймдугаар сарын 25-ны байдлаар нийт нутгийн 75 хувь орчимд  зуншлага хэвийн буюу сайн байна.

Харин нийт нутгийн 25 орчим хувьд дунд зэрэг гэсэн үнэлгээтэй гарсан байна. Малын тооны өсөлт, үлийн цагаан оготнын тархалтаас үүдэлтэй бэлчээрийн даац хэтэрсэн газрууд байна. Тухайлбал аймгийн нийт бэлчээрийн  46 хувь нь нөөцтэй, 25 хувь нь  хүрэлцээтэй. Харин нийт бэлчээрийн 25 хувь нь даац нэгээс гурав дахин хэтэрсэн. Нэг хувь нь гурваас тав дахин хэтэрсэн, гурван хувь нь олон дахин хэтэрсэн байдалтай байна гэж аймгийн Ус цаг уур орчны шинжилгээний газрын судалгаа байна. Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 19 дүгээр тогтоолоор тус аймаг 500 тонн өвс, 130 тонн тэжээл бэлтгэх. Харин сум бүр 130 тонн өвс, 30 тонн тэжээл бэлтгэх  даалгавартай. Аймгийн хэмжээнд зуншлага  оройтсоноос  хадлангийн гарц тааруу хангай бүсийн сумдад бороо ойрхон орж сэрүүсэж байгаагаас сөл эрт тасрах магадлал өндөр байна гэж аймгийн ЗДТГ-аас нэмж мэдээллээ.

Холбоотой мэдээ