Богд хааны дурсгалын цэцэрлэгт хүрээлэнг нээлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
boloroo8136@gmail.com
2020-09-24 16:03:09

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Богд хааны ордон музейн дэргэдэх 1.4 га газарт Богд хааны дурсгалын цэцэрлэгт хүрээлэнг байгуулж, өнөөдөр албан ёсоор нээлээ.



Богд хааны 4.3 метр өндөр хөшөө бүхий энэхүү хүрээлэнд Хааны лүндэн, Мөнх тэнгэрийн хүчин дор, Мөнх тэнгэрийн дурсгалт есөн хөшөөг залж, явган хүний зам, талбай, ногоон байгууламж, гэрэлтүүлэг, усалгааны болон ус зайлуулах системийг цогцоор нь хийжээ.



Дурсгалын цэцэрлэгт хүрээлэнг нээж Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх хэлэхдээ, Монгол гэж тодотгож болох соёлыг судалж шинжлэн, өвлөн уламжилж, түгээн дэлгэрүүлсэн, дэлхийн олон талт соёлыг хүндэтгэсэн тийм ирээдүйг цогцлоох үүрэг нь төрийн төдийгүй монгол хүн бүрийн үүрэг байх учиртай. Засгийн газар “Чингис хаан” музей, Байгалийн түүхийн музей, Үндэсний номын сан, Үндэсний урлагийн их театрын шинэ барилгыг ирэх жилүүдэд эхнээс нь ашиглалтад оруулна. Богд хааны ордон музейн өнгө төрхийг ч засаж сайжруулна, соёлын олон талт үйл ажиллагааг онцгойлон дэмжин, ард иргэдээ соён гэгээрүүлэх ажлаа эрчимжүүлнэ” гэлээ.


Улаанбаатар их сургуулийн Археологийн тэнхимийн эрхлэгч, профессор, археологич Д.Эрдэнэбаатар хэлэхдээ, “Монгол Улсад төрт улс байгуулагдсаны 2200 жилээс XX зууны Монголын мандан бадарсан болон Богд хаант Монгол Улсын түүхийг өгүүлсэн уран баримлын цогцолбор байгууллаа. Энэхүү цэцэрлэгт хүрээлэнтэй болсноор хүмүүс амарч зугаалж явахдаа эх орныхоо түүхтэй танилцах  боломжтой болж байна. Дэлхийн хүн төрөлхтний урлагийн түүхэнд монголчуудын оруулсан хамгийн том хоёр зүйлийн нэг нь амьтны загварт урлал юм. Энэ нь байгаль дээр байгаа амьтныг бодитоор буюу хийсвэр загвартай гоёчлон үзүүлдэг урлагийн төрөл зүйл. Уг цэцэрлэгт хүрээлэн дэх хүрэл морьт луу, 12 хөшөө бол хүрэл зэвсгийн үеийн биет олдворууд. Эдгээр нь бүгд монголчуудын оюун санааны бэлгэдэл юм” хэмээн тодотгов. 


Богд хааны хөшөө: Төр ёсны хувцастай, эрдэнийн алтан очиртой, дөрвөн талт титмийг тэргүүндээ залж, баруун, зүүн мөрөн дээрээ наран, саран гэсэн бичээс бүхий чимэгтэй, морин хүрмэндээ алтан соёмбо, хүрд асааж, баруун гартаа гурван тал бүхий албан соёмбо өргөж, сүн далай, сүмбэр уулс, гүн цэнхэр огторгуй ертөнцийг бэлгэдсэн дээл өмсөн, алс холыг харан, үл ялиг урагш тэмүүлэн алхаж байгаагаар бүтээжээ. Энэ нь Монгол Улсын тусгаар тогтнол, үндэсний эрх чөлөө, монгол үндэстэн үүрд мандан бадрахыг бэлгэдсэн байна.  


Мөнх тэнгэрийн хүчин дор хөшөө: Монгол үндэстний оюун сэтгэлгээний түүхэн тэмдэглэл болох тамганы дүрсийг суурь болгон Хүннү төрт улсаас Их Монгол Улсын хаадын төр барьж байхдаа хэрэглэж байсан алт, мөнгө, хүрэл зоосон дээр Чингис хааны “Наран” тамга буюу ширээтэй онги, Өгөдэй хааны “Дэгрээ” тамга, Гүюг хааны “Хос онгин” тамга, Мөнх хааны “Сэрээ” тамга, буган болон хүн чулуун хөшөө, хадны зургийн дурсгалаар баяжуулан бүтээсэн байна.


Дурсгалын цэцэрлэгт хүрээлэнг Монгол Улсын Төрийн соёрхолт, Урлагийн гавьяат зүтгэлтэн, уран барималч Л.Ганхуяг, "Сэнзо констракшн" компани, хотын захиргаа, Богд хааны ордон музей хамтран байгуулжээ.


Цаашид энэхүү цэцэрлэгт хүрээлэнд иргэд амрах, чөлөөт цагаа өнгөрөөх боломжтой юм.


Э.Ариунзул

Гэрэл зургийг Б.Чадраабал 







Холбоотой мэдээ