Хүүхдийн баярыг “Эрдэнэт үйлдвэр” ХХК-тай хамтарч тэмдэглэнэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОНОлон Улсын Хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг Орхон аймаг “Хүүхэд бүрийг баярлуулъя” уриан дор тэмдэглэнэ.
Уг баярыг аймгийнхаа Төв Цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулна. Учир нь энэ жил Орхон аймгийн 40 жилийн ой тохиож байгаа тул “Эрдэнэт үйлдвэр” ХХК-тай хамтрахаар болжээ. Өмнө нь “Эрдэнэт үйлдвэр” ХХК ажилчдынхаа хүүхдүүдийг тусад нь баярлуулдаг байсан юм.
Энэ жил Хүүхдийн баярыг тэмдэглэхэд орон нутгаас 2.9 сая төгрөг төсөвлөжээ. Гэтэл урлаг болон бусад арга хэмэээг зохион байгуулахад 12-13 сая төгрөг шаардлагатай гэнэ. Иймд Цэнгэлдэх хүрээлэнгийн гадна талбайг түрээслүүлж дээрх мөнгийг бүрдүүлэх ажээ. Мөн “Эрдэнэт үйлдвэр” ХХК-иас дэмжлэг авах гэнэ. Дашрамд дурдахад, улаанбурхан өвчний дэгдэлт намдаагүй байгаа энэ үед олон нийтийг хамарсан үйл ажиллагаа явуулж болохгүй гэсэн албан мэдэгдэл Эрүүл мэндийн яамнаас ирээгүй гэж Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтсийн дарга Т.Хонгорзул хэллээ.
Б.Оюун-Эрдэнэ