Зураач С.Заяасайхан “Hidden identity” үзэсгэлэнгээ нээв

Монголын мэдээ | Соёл урлаг
sodonizm@gmail.com
2020-09-25 21:55:00

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Эртний нүүдэлчдийн амьдралаас сэдэвлэн үндэсний хэв шинж, түүх соёлыг өвөрмөц шийдлээр дүрсэлдгээрээ онцлогтой, зураач Самбуугийн Заяасайхан “Hidden identity” үзэсгэлэнгээ өнөөдөр Монголын Уран зургийн галлерейд нээлээ.


"Монголчуудын түүх адармаатай бас ээдрээтэй цаг хугацааг туулсан. Энэ хугацаанд бидний үнэт зүйл гээгдэж, үгүйсгэгдсэн. Тэр бүхнийг цуглуулж, уран бүтээлдээ шингээхийг зорьсон. Мөн “Өвөг дээдэс эргэн ирэхүй” зургаар орчин үеийн хүмүн өвөг дээдэстэйгээ уулзвал, ямархан бодол, сэтгэгдэл төрж болохыг урлаг талаас нь тайлбарлахыг хичээсэн" хэмээн зураач С.Заяасайхан үзэсгэлэнгийн нээлтийн үеэр тодотгосон юм.



Үзэсгэлэнгийн бүтээлд дүрслэгдсэн хүмүүсийн харцыг ажихад хилэгнэсэн, гомдсон, хайр энхрийлэл хүссэн мэт мэдрэмж төрүүлж байв. Мөн буу зэвсэг барьсан байдлаар дүрсэлснийг зураачаас тодруулахад8 “Орчин үеийн хүмүүс хорвоо ертөнцийг материалист талаас нь харж, харилцдаг болсон. Зарим нь өвөг дээдсийнхээ бүтээж, өвлүүлснийг үгүйсгэж байна. Буу, шийдэм барьсан нь орчин үеийн хүн өвөг дээдсээ айлгатал аймшигтай “эвдэрсэн” гэсэн санааг агуулж байгаа юм. Гэхдээ энэ нь миний л харж буй өнцөг. Би бодлоо хэн нэгэнд огт тулгахыг хүсэхгүй байна” гэсэн юм.




Үзэсгэлэнгийн гол уран бүтээл болох “Будда”-г олон төрлийн одон медаль ашиглаж хийсэн байв. Зураач бүтээлд ашиглах одон медалийг цуглуулахад их хүч хөдөlмөр зарцуулсан бөгөөд цуглуулж байснаа баримтжуулсан түүхэн зураг ч түүнд бий аж.

Үзэсгэлэнгийн гол уран бүтээл болох  "Будда"

Энэ бүтээлийнхээ тухай тэрбээр тайлбарлахдаа, “Миний ээж социализмын үеийн 15 жилийн гавшгайч. Ээжийг 40 настай байх цагт нийгэм өөрчлөгдөж эхэлсэн. Гэтэл ээжийн минь үеийн хүмүүсийн бүхий л амьдралаа зориулж бүтээсэн бүхэн нэг л өдөр үнэ цэнэгүй болж, үгүйсгэгдсэн. Нийгэм ингэж өөрчлөгдөнө гэж тухайн үед хэн ч төсөөлөөгүй байсан биз. Гэхдээ би  “хуучин цаг сайхан” гэж хуучинсаг үзэл гаргая гэж бодсонгүй. Зүгээр л орчин үеийн болоод хуучны гэх хүмүүсийг уулзуулах цэг, холбох гүүрийг энд бий болгохыг зорьсон” гэв.

Аливаа нийгэм ямар ч сорилттой тулгарч болно. Хэцүү сорилттой тулгарсан ч орхигдуулж үл болох, хэзээ ч үгүйсгэж болохгүй үнэт зүйл гэж байдаг ажээ.


МУЭ-ийн шагналт, Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, зураач  П.Цэгмид “Энэ тэнхим маш сонин шийдэл бүхий, өвөрмөц, шинэ уур амьсгалтай бүтээлүүдээр дүүрэн байна. С.Заяасайханыг Азийн орнууд, тэр тусмаа АНУ-д энэ хүнийг олон хүн мэднэ. С.Заяасайхан Монголоо зурдаг. Зурахдаа зүгээр нэг зурахгүй, түүний уран бүтээлийн цаад талд егөөдөл, хошин мэдрэмж, философилог бодол сэтгэлгээ нуугдаж байдаг. Өгүүлэмжийн хувьд их сонин шийдэлтэй зураач. Их өвөрмөц хэллэгээр монгол хүний зан ааш, ахуй амьдралыг өнгөрснийг одоотой нь харьцуулан жишиж, өөр өнцгөөс зурахыг хичээдэг хүн. Уран бүтээлч “би” гэдэг ухагдахуундаа байх ёстой. “Би”-гийн үзлийг айхтар тод илэрхийлж чадсан тул энэ үзэсгэлэн онцгой байна” хэмээлээ.

Үзэсгэлэн өнөөдрөөс эхлэн хоёр долоо хоногийн хугацаанд үргэлжлэх юм байна.






Холбоотой мэдээ