"Жаргалтай амьдрал" төв цогц байдлаар ажиллана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2020-09-26 22:33:32

Баянхонгор /МОНЦАМЭ/. УИХ-ын дарга Г.Занданшатар энэ өдөр Баянхонгор аймагт ажиллаж байна. Тэрээр тус аймагт хийж буй бүтээн байгуулалт болон онцлог ажилтай холбогдох сайдуудын хамт биечлэн танилцсан бөгөөд мөн үеэр “Жаргалтай амьдрал” төвийн үйл ажиллагаатай танилцлаа.

Архинд донтсон иргэдийг соён гэгээрүүлэх зорилго чиглэлтэй "Жаргалтай амьдрал" төвийг сэтгэцийн эмч Б.Мөнхсүлд хариуцан ажиллуулах бөгөөд сайн дураар болон албадангаар авч ирэн бие, сэтгэл заслын эмчилгээнд хамруулах аж. Ингэхдээ зөвхөн архинд донтсон хүнийг биш гэр бүлийн хэмжээнд нөлөөллийн ажлууд тогтмол явуулахаар төлөвлөжээ. Тодруулбал, Архи уудаг, гэр бүлийн хүчирхийлэл үйлддэг хүний гэр бүлтэй нь тулж ажиллах, тэдний эрхийг нь ойлгуулах, хамгаалах нөхцөлийг бүрдүүлэх, хөршийн харилцаа холбоог бүх шатанд бий болгох зэргээр архидалт, архидалтаас үүдсэн үр дагаврыг бууруулах зорилго тавьсан байна.

Нийгмийн хүнд хэцүү асуудлын голыг нь олж харан зөв ажлыг хурдтай хэрэгжүүлж буй аймгийн Засаг дарга Д.Мөнхсайхан, Цагдаагийн газрын дарга, Хурандаа Б.Оюутболд, Сэтгэцийн эмч Б.Мөнхсүлд нарыг УИХ-ын дарга Г.Занданшатар, ажлын хэсгийн бүрэлдэхүүн сайшаагаад холбогдох яамдаар шаардлагатай дэмжлэгийг үзүүлэхэд анхаарч ажиллахаа илэрхийлж байв.

Цагдаагийн газрын /хуучин/ барилгын нэг давхарт байрлах "Жаргалтай амьдрал" төвийг засварлан тохижуулахдаа тэнд ирэх, түүгээр үйлчлүүлэгсдийн сэтгэл ханамж өндөр байхаар төлөвлөж дотоод өнгө төрх, загвар хийцийг сайтар өөрчилжээ. Тус төвийн засвар тохижилтын  ажил 95 хувийн гүйцэтгэлтэй байгаа бөгөөд ирэх сарын 03-нд албан ёсны нээлт хийж, үйл ажиллагаагаа эхлүүлэх юм байна.

Холбоотой мэдээ