ОХУ-тай хил залгаа бүсэд махны хамтарсан үйлдвэр байгуулахыг дэмжихээ илэрхийлэв

Монголын мэдээ | Нийгэм
oyundelger@montsame.gov.mn
2020-09-29 10:48:25

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан Оросын холбооны Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд И.К.Азизовтой уулзлаа.

Элчин сайд И.К.Азизов хоёр орны хөдөө аж ахуйн салбарт хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжтойг онцлоод, “Газар тариалангийн техникийн шинэчлэл” хөтөлбөрийн III үе шатыг хэрэгжүүлэх, ОХУ-тай хил залгаа хорио цээрийн бүсэд хамтарсан махны үйлдвэр байгуулах, “Монголын мал сүргийг эрүүлжүүлэх” хөтөлбөрийн III үе шатыг хамтран хэрэгжүүлэхийг дэмжихээ илэрхийлэв. Мөн ОХУ-ын Засгийн газраас 2020-2021 оны хичээлийн жилд 550 оюутан тэтгэлгээр сургах квот олгосон. Үүнд хөдөө аж ахуйн чиглэлээр суралцах оюутны тоог олшруулах боломжтойг тэмдэглэв.

ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан удахгүй болох Монгол, Оросын ЗГХК-ын хуралдааны хүрээнд хөдөө аж ахуй болон аж үйлдвэрийн салбарын ажлын хэсгийн хуралдаан төлөвлөж байгааг онцлоод, Монгол Улс, ОХУ дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ой 2021 тохиож байгаатай холбогдуулан, хамтран зохион байгуулах үйл ажиллагааны талаар санал солилцлоо.

 

Холбоотой мэдээ