"Чимэгэ" технологийг албан ёсоор нээлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2020-09-29 12:46:30

Улаанбаатар /МОНЦАМЭ/.  Монгол хиймэл оюун, хүмүүний хэлний боловсруулалтын сүүлийн үеийн ололтыг шингээсэн монгол яриаг бичвэр, бичвэрийг яриа болгон хувиргах "Чимэгэ технологи”-ийн албан ёсны нээлт энэ сарын 22-нд White rock төвд боллоо.


“Чимэгэ технологи”-ийн нээлтийн бүх бүрэлдэхүүн хэсгээр технологийн шинэчлэлийг үзүүлэхийг зорьсон байв.

Чимэгэ технологийг танилцуулах ёслолыг хүнээр биш, технологиор хөтлүүлсэн юм. Үүний тулд, тусгайлан Монголын анхны хиймэл оюунт хөтлөгч “Марал Эй Ай”-ыг бүтээжээ.


Нээлтэд оролцохдоо урилга биш, тасалбар биш, эрхийн бичиг биш, “нэвтрэх код” хэрэглэсэн юм. Үүнийг Монголд анх удаа зөвхөн QR код бүхий өвөрмөц байдлаар хийсэн байсан ба нэвтрэх эрхийнхээ QR кодыг гар утсаараа уншуулахад нээлтийн талаарх мэдээлэл бүхий цахим хуудас руу орж, Марал Эй Ай хөтлөгч удахгүй болох нээлтийн ёслолд урьж байв.

 

“Чимэгэ технологийн албан ёсны нээлтийн ёслол”-д төрийн түшээд, эрдэм мэдлэг, амжилт бүтээлээрээ манлайлан ажилладаг, шинэ бүтээл, инновацыг үнэлж дэмждэг, эрхэм хүндтэй хүмүүс хүрэлцэн иржээ. 


Угтах танхимыг хүн чулуу, хадны сүг зураг, хад чулуун дээрх сийлсэн бичгийн дурсгалаар чимэглэж, хүн төрөлхтний хөгжлийн нэгэн үеийг дүрсэлсэн байлаа. 


Зочид нэвтрэх эрхээрээ бүртгүүлэн орно. Тэдгээр дунд байрлуулсан нэгэн хадны хөндийд зочид QR код бүхий нэвтрэх эрхээ уншуулахад зочдын нэрийг хэлж тавтай морилон саатахыг урьж байв.

 Зочид бүдэгхэн гэрлийн доор төгөлдөр хуурын намуун аялгуунд өөр зуураа мэндчилэн, халуун дулаан яриа өрнүүлж, дурсгалын зургаа хамтдаа татуулсаар нээлтийн цаг боллоо.

Гол танхимын хаалга нээгдэхэд зочид хад чулуун чимэглэлт угтах танхимаас сэрүү татсан харанхуй уудам орон зайд техно хөгжмийн хэмнэлээр шилжин оров. Танхимын бөмбөгөр оройн 360 хэмийн орон зайд огторгуйн уудам, техникийн цахим орчныг хөгжмийн эрчимт хэмнэлээр илэрхийлсэн үзүүлбэрийн дундаас торон сүлжээгээр дүрсэлсэн хоёр хэмжээст хүний дүр гурван хэмжээст, хиймэл оюунт хөтлөгч Марал Эй Ай болон хувирч Чимэгэ технологийн албан ёсны нээлт эхэлснийг сонордуулж, технологийн ертөнцөөр хамтдаа аялахыг урив.


Түүний бүтээсэн технологийн ертөнц дэлхий дахинаа 1952 оноос хэрхэн хөгжиж, 2019 онд Чимэгэ технологийн анхны хувилбарыг зарлах хүртэлх түүхийг товчоолон үзүүлсэн дүрс бичлэгийн бичвэрийг яриа болгон хувиргах технологиор дуу оруулан хүргэсний дараагаар, “Чимэгэ системс”-ийн үүсгэн байгуулагч С.Бадрал “Чимэгэ” гэдэг нэрийн учир,  “Чимэгэ технологи”-ийг бүтээсэн түүх, монгол яриаг 97 хувь зөв таньж дэлхийн түвшинд хүрсэн үр дүнг танилцууллаа.



Мөн нээлтийн ёслолд тус технологийг ашиглан бүтээсэн Чимэгэ бичээч, Чимэгэ уншигч, Чимэгэ гар гэсэн цоо шинэ гурван бүтээгдэхүүнийг албан ёсоор хэрэглээнд оруулах гэж буйгаа зарлалаа.       

 


“Чимэгэ бичээч” бол цахим хуудас болон гар утасны апп гэсэн хоёр хэлбэрээр хэрэглэх боломжтой, яриаг бичвэр болгон буулгах систем юм.  Хүн нэг цагийн бичлэгийг сонсоод шивэхэд, бичлэгийн чанараас хамааран дунджаар 3-8 цаг зарцуулдаг бол “Чимэгэ бичээч” хүссэн үед тань ажиллаж, цагийг 75-120 дахин хэмнэж, 4 минут бичвэр болгож өгөх бөгөөд ингэхдээ чанартай бичлэгийн яриаг дэлхийн түвшний үзүүлэлтээр буюу 97 хувь зөв таних ба бичвэрээ засварлах боломжтой төдийгүй Болор дуран алдаа шалгууртай холбогдсон тул, цагийг хэмнэж, зардлыг бууруулж, хөдөлмөрийг хөнгөвчилж, бүтээмжийг өсгөнө.

Марал Эй АЙ хөтлөгч нээлтийн өмнө цацсан “Чимэгэ уншигч” (Chimege reader)-д зориулсан богино сурталчилгааны бүрэн тайллыг толилуулаад, “компьютерын бие нь техник хангамж байдаг бол тархи нь программ хангамж юм” хэмээн программ хангамжийн багийг удирдан ажилладаг С. Бадралыг “ЧИМЭГЭ УНШИГЧ”-ийг танилцуулна уу хэмээн урилаа.


“Чимэгэ уншигч” бол мөн адил цахим хуудас болон гар утасны апп гэсэн хоёр хэлбэрээр хэрэглэх боломжтой, бичвэрийг яриа болгон хувиргах систем юм. “Чимэгэ уншигч”-ид хүссэн мэдээллээ хүссэн цагтаа, хүссэн газраа оруулж, хүнээс ялгагдахгүй  дуу хоолойгоор уншуулна.


Хүн төрөлхтний шинжлэх ухааны ололт амжилтын охь шим нь хиймэл оюун бөгөөд хиймэл оюуны багийг удирдан ажилладаг Э.Төгөлдөр цар тахлын улмаас хүрэлцэн ирж амжаагүй учраас, Марал Эй Ай хөтлөгч өөрийгөө бүтээсэн Э.Төгөлдөрийн өмнөөс “Чимэгэ гар” (Chimege keyboard)-ыг танилцууллаа. 

Эдгээр бүтээгдэхүүнийг танилцуулах үеэр илтгэгчдийн яриаг тайзны хоёр талын дэлгэцнээ “Чимэгэ технологи”-ийг ашиглан нэг талд нь шууд бичвэр болгон хөрвүүлж, нөгөө талд нь англи хэлээр орчуулан гаргаж байгаа нь онцгой байлаа. 

“Чимэгэ технологи”-ийг ашиглан төрийн алба, хуулийн салбарт аливаа протоколыг автоматаар буулгаж, эмнэлгийн салбарт түүх нээх, эмийн жор бичих, боловсролын салбарт багшийн хөдөлмөрийг хөнгөвчлөх, сургалтын хэрэглэгдэхүүнийг цахимжуулах, сэтгүүл зүйд ярилцлагыг хурдан хөрвүүлэх, илтгэл тайлан бэлдэх, зарлах системийг автоматжуулах, видео, аннимэйшн, под каст, сонсдог ном уншуулах, монгол хэл сурах, сургах, хүний дуу хоолойг мөнхжүүлэн хадгалж үлдэх, тусгай хэрэгцээт иргэдэд нийгмийн тэгш харилцааны боломж олгох зэргээр хүний ярьж хэлэлцэж, бичиж шивдэг бүх салбарт хэрэглэж инновац хийх боломжтой болж байна.

Зочид “Чимэгэ технологи”-ийг ашиглан бүтээгдэхүүнийг хэрхэн шинэчлэн хөгжүүлэх болон цоо шинэ бүтээгдэхүүн хийж болохыг туршиж үзлээ. Тухайлбал, Чимэгэ уншигч, Чимэгэ бичээч, Чимэгэ гар, дуу ярианы технологитой холбосон, олон хэлний орчуулгын цахим толь бичиг болох “Болор толь”, дуу яриагаар удирддаг Цахим хуудас, медиа мониторингийн Кудос системяг одоо хөгжүүлж байгаа ойрын ирээдүйд хэрэглээнд орох Дуудлагын төвийн автоматжуулалт, байгууллагын хурлын менежментийн Майндтаск, хайх үгээ хэлэхэд монгол бичгээр хэрхэн бичдэгийг нь үзүүлдэг Тунгаамал толь зэрэг 9 бүтээгдэхүүнийг үзүүлэнгийн дэлгэцнээ өөрсдөө биечлэн туршиж, санал сэтгэгдлээ хэлж байлаа.


Бүтээгдэхүүн туршилтын дараагаар судалгааны төвийн тухай хэсэг эхэлж, С.Бадрал “Хиймэл оюун бидний амьдралыг хэрхэн өөрчилж байна вэ? Бид хаана байна вэ?” гэсэн сэдвээр илтгэл тавилаа.


Үүний дараа “Чимэгэ системс” болон “Монгол-Германы хамтарсан ашигт малтмал, технологийн их сургууль” хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.


“Чимэгэ системс”-ээс "Чимэгэ судалгааны лаборатори" байгуулж буйгаа зарлаад С.Бадрал “Аж үйлдвэрийн 5-р хувьсгалд та бэлэн үү” сэдвээр технологийн ирээдүйг өгүүлсэн сонирхолтой илтгэл тавилаа.


Ийнхүү Монголын хиймэл оюуны хөгжил, Чимэгэ технологийн ололт амжилтыг танилцуулсан юм.


Холбоотой мэдээ