Худагт ухаалаг төхөөрөмж суурилуулснаар ундны усны эрүүл, аюулгүй байдал хангагдсан

Орон нутагт | Ховд
lkhagwa@montsame.gov.mn
2020-09-29 18:21:05

Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймгийн Дуут сумын Засаг дарга А.Энхбаяртай уулзаж, сум орон нутгийн бүтээн байгуулалт, хөгжил дэвшлийн талаар  ярилцлаа.

-Таныг сум орон нутгаа удирдаж ажилласан он жилүүдэд ямар хөгжил дэвшил, бүтээн байгуулалт өрнөсөн бэ? 

-2017-2020 онд Дуут суманд улсын болон орон нутгийн төсөв, төсөл хөтөлбөрийн санхүүжилт, ОНХС–гийн хөрөнгө оруулалтаар нэлээд олон бүтээн байгуулалт хийлээ. Сүүлийн дөрвөн жилийн хугацаанд Дуутынхан бид орчин үеийн тохилог, стандартад нийцсэн соёлын төв, сургуулийн их засвар, спорт заал, сумын ундны усны шинэ эх үүсвэрийн ухаалаг төхөөрөмж бүхий шинэ худаг, Ховд-Шивэр-Дуут чиглэлийн авто зам, зам засварт ашиглах ковш-50 трактор, цэцэрлэгийн дээврийн засвар, хүн эмнэлгийн алсын дуудлагад явах уаз фургон автомашин, "Хөх бэлчир" багт үүрэн телефоны Юнителийн 2G сүлжээний антеннтэй болсон.

Мөн сумын төвийн автомашины бетонон зам, явган хүний зам, гэрэлтүүлгийн ажил, "Нарийн тошингийн ам" гэх газрын модон гүүр барих, инженерийн хийцтэй гүний худаг, нэгдсэн халаалт, багуудын зам засвар гэх мэт олон ажлыг хийсэн байна. Ийнхүү сум орон нутгийнхаа хөгжлийн төлөө бид нэгэн үзүүрт сэтгэлээр хамтдаа зүтгэж, шинэ үеийн түүхийг бүтээлцэж явна.

Онцлоход, Дуутынхан бид орчин үеийн тохилог, стандартад нийцсэн Соёлын төвтэй болох санал хүсэлтээ аймаг орон нутаг болон үе үеийн УИХ–ын гишүүдэд уламжилсан. Үүний үр дүнд 2018-2019 онд улсын төсвийн 1.3 тэрбум төгрөгийн санхүүжилтээр орчин үеийн 300 хүний суудалтай шинэ Соёлын төв барьж, ашиглалтад орсон. Ингэснээр авьяаслаг ард түмэн маань соёл урлагийн ямар ч үйл ажиллагааг хэвийн явуулах боломж бүрдлээ. Мөн Соёлын төвд ОНХС–гийн долоон сая төгрөгийн санхүүжилтээр узель аппаратур олгосон бөгөөд 2020 онд соёлын төвийн тохижилтод зориулж 9.9 сая төгрөгийг шийдвэрлэж өгсөн юм.  

-Дуут сумын сургуулийн барилгыг олон жилийн дараа засварласан. Энэ тухайд? 

-Манай сумын сургуулийн барилга 1976 онд баригдсан. Ингээд 44 жилийн дараа улсын төсвийн 200 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар их засвар хийлээ. Мөн 850 сая төгрөгийн өртөг бүхий сургуулийн спорт заалны барилга барьж, ашиглалтад орууллаа. Орчин үеийн стандартад нийцсэн энэхүү спорт заал ашиглалтад орсноор сум орон нутагтаа ажиллаж, амьдарч байгаа иргэдийн залгамж үе болсон хүүхэд багачууд бие бялдрын өв тэгш хүмүүжил олох боломж бүрдсэнд талархалтай байна. Мөн сум, аймаг, улсын нэрийг тив дэлхийд цуурайтуулсан спортын алдартан, авьяастнууд төрөн гарна хэмээн бэлгэшээж, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх таатай орчин бүрдсэнд сумын иргэд маань сэтгэл хангалуун байгаа.

Үүнээс гадна сургуулийн хичээлийн анги танхимын ширээ, сандлыг шинэчиллээ. Сургуулийн цахим номын сан хөтөлбөрт 5 сая төгрөг олгосон ба сургууль, дотуур байрны хүүхдийн бие засах газрыг 10 сая төгрөгөөр шинэчилж байна. Мөн дотуур байрны хүүхдүүдийн зөөлөн эдлэлийг 4 сая төгрөгөөр шинэчиллээ. 

-Танай сумын ундны усны асуудал эрүүл ахуйн талаас нэлээд яригддаг. Үүнийг шийдвэрлэсэн үү? 

-Улсын геологийн төв лабараторийн шинжилгээгээр Дуут сумын төвийн ундны усанд ураны илэрц хэвийн хэмжээнээс илүү байна гэж гарсан. Үүний дагуу сумын иргэдийн ундны усны шинэ эх үүсвэр болох дээд улаан худгийг 100 сая төгрөгийн санхүүжилтээр гаргуулж, уг худагт ухаалаг төхөөрөмж суурилуулсан. Ингэж шийдвэрлэснээр хэрэглэгчдэд ээлтэй, иргэдийн талархлыг хүлээсэн шинэлэг ажил болсон гэж үзэж байна. 

-Ховд аймаг нь Дуут, Мөнххайрхан сумаас бусад чиглэлд хатуу хучилттай автозамтай болсон. Тэгэхээр сумынхаа зам харилцааны хөгжилд хэрхэн анхаарч ажилласан бэ?

-Манай сумынхан улсын төсвийн 600 сая төгрөгийн санхүүжилтээр Ховд-Шивэр-Дуут чиглэлийн авто зам засварын ажлыг бүрэн хийж дууслаа. Энэхүү замыг цаашид улам сайжруулж, хатуу хучилттай автозам болгох нэн тэргүүний зорилт бий. Мөн энэ хугацаанд ОНХС болон аймгийн төсөв, ХХҮГ–ын нийтийг хамарсан ажлын байрны төслөөр хөдөөгийн багуудад хүрэх зам харгуй буюу "Марцатын хар бэлчир"-ээс "Машийн модны эх" гэх газар хүртэлх замыг засварласан. "Шивэр" багийн Баянбулаг, Хар чулуут, Цагаан бургасны өндөр дэнж, Улаанговь, Хөх хавцал зэрэг газарт зам засварын ажил хийсэн. Харин одоо улсын төсвийн 250 сая төгрөгийн санхүүжилтээр Дуут сумын төвийн автомашины бетонон зам, явган хүний зам, гэрэлтүүлгийн ажил хийж байна.

-Дуут сумынхан төвөөс алслагдсан, уулын бүсийн бартаа ихтэй зам дагуу амьдардаг. Тэгэхээр сумын иргэдэд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх ажилд өөрчлөлт гарч байна уу?

-Сумын эмнэлгийн алсын дуудлагад явах автомашиныг шинэчилсэн бөгөөд зөөврийн амбулатори шийдэгдсэн. Мөн хөдөөгийн багийн бүх эмч нар мотоциклтой боллоо. ОНХС–гаас гематологийн аппарат авахад зориулж 14 сая төгрөгийн санхүүжилт шийдвэрлэж өглөө. Улмаар сумын ЭМТ-д ЗДТГ–ын хуучин барилгыг шилжүүлсэн тул аймгийн төсвөөс 45 сая төгрөгийн санхүүжилт гаргаж засвар хийхээр боллоо. Ингэснээр ард иргэдэд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг цаг алдалгүй, шуурхай үзүүлэх боломж өргөжиж байна. Одоо сумын ЭМТ суудлын навара болон хоёр фургон автомашинтай болж  иргэдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлж байна.

-Сүүлийн үед малын эрүүл мэндийн асуудлыг чухалчилж байна. Энэ чиглэлд сумын хэмжээнд ямар ажил хийж байна вэ?

-Холбогдох байгууллагуудаас мал угаалгын зөөврийн ванн, хашаа шийдэж өгсөн. Мөн ОНХС–гаас мал угаалгын ванн барихад 5 сая төгрөгийн санхүүжилт олгох замаар дэмжиж ажилласан. Энэхүү зөөврийн болон суурин мал угаалгын ванныг ашигласнаар малчид мал эмнэлгийн үйлчилгээг төлөвлөгөөт хугацаанд авч, эрүүл, чанартай малтай болоход эерэг нөлөөлөл үзүүлж байгаа юм. Мөн Швейцарийн хөгжлийн агентлагийн "Ногоон алт" төслийн “Малын эрүүл мэнд” төслийн хүрээнд 11 сая төгрөгийн үнэ бүхий тоног төхөөрөмж шийдсэн. Аймгийн ХХҮГ-аас хэрэгжүүлдэг Залуу малчдыг малжуулах хөтөлбөрт 2017-2020 онд  сумын 11 малчинг хамруулах замаар  малжуулсан байна.

Түүнчлэн бэлчээрийн усан хангамжийг сайжруулах зорилгоор аймгийн төсвийн 25 сая төгрөгийн санхүүжилтээр Хөхбэлчир багт инженерийн хийцтэй гүний худаг гаргана. Энэхүү худгийг гаргаснаар 15-20 мянган мал бэлчээрийн усаар хангагдана гэсэн тооцоолол бий.

-Ярилцсанд баярлалаа. Ажлын амжилт хүсье.  

Холбоотой мэдээ