Т.Доржханд: Ардчиллаа хамгаалахыг УИХ-ын гишүүдэд уриалж байна

Монголын мэдээ | Улс төр
munkhbaatar@montsame.gov.mn
2020-10-01 11:07:43
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Орон нутгийн хурлын сонгуульд ХҮН-ыг оролцуулахыг түдгэлзүүлсэн нийслэлийн Захиргааны  хэргийн шүүхийн тогтоолыг хууль зөрчсөн хэмээн Үндсэн хуулийн цэцэд хандаж байгаа тухай УИХ-ын гишүүн, ХҮН-ын УЗ-ийн дарга Т.Доржханд өнөөдөр мэдээлэв. 


УИХ-ын намрын ээлжит чуулган өнөөдөр нээж 122 асуудал хэлэлцэхээр төлөвлөснийг мэдээллийн эхэнд тэрбээр онцлоод, энэ цаг үед орон нутгийн сонгуулийн сурталчилгаа эхэлсэн байгааг тодотгов. УИХ-ын гишүүний хувьд улсын эдийн засаг хүндэрсэн энэ цаг үед төсвийн алдагдлыг багасгах, өрийн удирдлагын санхүүжилтийг дахин боловсруулсан талаарх Засгийн газрын мэдээллийг чуулганы хуралдаанд сонсох хүсэлт өгснөө дуулгав.


Үүний дараа тэрээр, Захиргааны шүүхээс ХҮН-ыг сонгуульд оролцуулах боломжгүй гэсэн шийдвэр гарсныг тэмдэглээд, энэ нь цаашид Монгол Улсад ардчилал орших уу, эс орших уу гэсэн асуултын тэмдэг болж байна хэмээв. Тэрбээр, “Бид энэ асуудалд дуугүй сууж болохгүй. Монгол Улс нь парламентын засаглалтай, ардчилсан орон. Тиймээс ардчиллыг устгаж болохгүй. “Зөв хүн электорат” эвсэл, ХҮН-ыг төлөөлж байгаа УИХ-ын гишүүний хувьд байр сууриа илэрхийлэх нь зүй. Намын залуус маань эсэргүүцэл өрнүүлснээр, дүүргийн ИТХ-д өрсөлдөх эрхээ олж авлаа. Харамсалтай нь НИТХ-ын сонгуульд оролцох эрх нээгдсэнгүй. Тиймээс чуулган эхэлсэнтэй холбогдуулан УИХ-ын гишүүддээ ардчиллаа хамгаалахыг уриалж байна. Энэ бол нэг намын сонгуульд оролцож чадахгүй байгаа асуудал биш. Энэ бол бидний ардчиллын үнэ цэнээ хадгалж үлдэх, эрхэмлэх зүйл. Энэ асуудалд УИХ-ын гишүүд болон шат шатны хуулийн байгууллага, нам төлөөлж байгаа эрхмүүд байр сууриа илэрхийлэхийг хүсэж байна” хэмээв. 


Тэрбээр, дээрх асуудалтай холбогдуулан УИХ-ын зарим гишүүний хамт маргааш Шүүхийн шинэчлэлийн тухай хуулийн төсөл, Шүүхийн хараат бус бие даасан үйл ажиллагаа явуулдаг байх чиглэлийн хуулийн төсөл өргөн барьж яаралтай хэлэлцүүлэхийг УИХ-ын даргаас шаардана гэдгээ мэдээллийн үеэр тэмдэглэв. Цаашлаад ҮАБ-ын асуудлаар Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Засгийн газрын тэргүүн нарт УИХ-ын гишүүний хувиар хандана гэлээ. Тэрбээр, “ҮХЦ болон шүүгчийн хариуцлага тооцдог холбогдох байгууллагуудад хандсан. Хэрвээ шүүх улс төрийн захиалгаар шийдвэр гаргаж хонгил үүсгэж эзнийхээ тушаалаар яваад байвал улс төрийн акцаа дараагийн шатанд хийх болно. Ингэхдээ зөвхөн гадаа биш, төрийн ордонд байх болно” хэмээв.

Холбоотой мэдээ