Сүүлийн гурван жилд хүүхэд гэмт хэргийн хохирогч, холбогдогч болсон тохиолдол 58 бүртгэгджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2020-10-01 13:32:17

Ховд /МОНЦАМЭ/. Сүүдэр бүү тусга аяны хүрээнд “Хүүхдийн ертөнцийг хайрлая, хамгаалъя” сэдэвт сургалтыг Ховд аймагт зохион байгууллаа.

Сүүлийн жилүүдэд ажилгүйдэл, ядуурал, архидалт, гэр бүл салалт, маргаан, зөрчилдөөн, иргэний үүрэг хариуцлагаа ухамсарладаггүй, үл хайхарсан зэрэг нөхцөл байдлаас шалтгаалан хүүхдийн эрх зөрчигдөх тохиолдол нэмэгдэж байна. Улмаар энэ бүхний эцэст хүүхэд хүчирхийлэл, гэмт хэрэгт өртөж эрүүл мэнд, амь насаараа хохирсон тохиолдол нэлээд бий.

Тиймээс хүүхдийн эрхийг хамгаалах зорилго бүхий “Сүүдэр бүү тусга” нөлөөллийн аян өрнөж буй. Энэхүү аяны Хүүхдийн ертөнцийг хайрлая, хамгаалъя” сэдэвт сургалт-хэлэлцүүлэг зохион байгууллаа.

Үүнд Ховд аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал, Цагдаа, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Дэлхийн Зөн Ховд орон нутгийн хөгжлийн хөтөлбөр, “Хөгжил” политехник коллеж, Жаргалант сумын ерөнхий боловсролын сургуулийн удирдах ажилтан, нийгмийн ажилтан, сэтгэл зүйч нарын төлөөллүүд  оролцов.

Тус сургалтыг нээж Ховд аймгийн ИТХ-ын дарга, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга Г.Пүрэвганди, ГБХЗХГ-ын дарга Ц.Номинчимэг үг хэлсэн.

Сургалтын үеэр хүүхдийг гэмт хэргийн хохирогч, холбогдогч болохоос урьдчилан сэргийлэх ажилд анхаарах зүйлс, хүүхэд хамгааллын бодлогын хэрэгжилт, үр дүн, эцэг эхийн зөвлөлийн үйл ажиллагааг идэвхжүүлэх арга туршлагын талаар мэргэжилтнүүд танилцууллаа.

Мөн хүүхдийн хүмүүжил, төлөвшил, боловсролын салбар дахь сэтгэл зүйн үйлчилгээний хэрэгцээтэй холбоотой баримт бүхий мэдээллийг мэргэжилтнүүд танилцуулж, оролцогчид харилцан санал солилцсон юм.  

Ийнхүү хүүхэдтэй хамгийн ойр ажилладаг байгууллагын удирдлага, холбогдох мэргэжилтэн, сургуулийн захирал, нийгмийн ажилтан, сэтгэл зүйч нарт нэгдсэн мэдээлэл түгээж, чадваржуулснаар цаашид хүүхэд хамгааллын ажил эрчимжих, хүүхдийн эрх зөрчигдөхөөс  урьдчилан сэргийлэх боломж өргөжих давуу талтай гэж албаныхан онцоллоо.

Улсын хэмжээнд өрнөж буй хүүхдийн эрхийг хамгаалах “Сүүдэр бүү тусга” нөлөөллийн аян Ховд аймагт амжилттай хэрэгжиж байгаа. Энэ удаагийн сургалтад оролцогчид тус аянд нэгдэж байгаагаа илэрхийллээ.

Ховд аймгийн хэмжээнд сүүлийн гурван жилийн байдлаар хүүхэд гэмт хэргийн хохирогч, холбогдогч болсон тохиолдол 58 бүртгэгджээ. Тодруулбал аймгийн Цагдаагийн газарт 2018 онд 24, 2019 онд 23 тохиолдол бүртгэгдсэн. Харин 2020 оны эхний найман сарын байдлаар 11 тохиолдол бүртгэгдээд байна гэж Цагдаагийн байгууллагаас мэдээллээ.  

 

Холбоотой мэдээ