Уулын Карабах дахь сөргөлдөөнд хөндлөнгөөс оролцохгүй байхыг Туркт уриалжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
БРЮССЕЛЬ. /TASS/.
Уулын Карабах дахь сөргөлдөөнд хөндлөнгөөс оролцохоо
зогсоож, хурцадмал байдлыг намжаахад үр бүтээлтэй оролцох үүрэг гүйцэтгэхийг
Европын Холбооны төр, засгийн тэргүүнүүд Туркт уриалжээ. Энэ тухай Европын
Зөвлөлийн тэргүүн Шарль Мишель мэдэгдсэн байна.
“Хурцадмал байдлыг
намжаахад тус болохын тулд улс орнууд илүү бүтээлчээр оролцох үүрэг гүйцэтгэх хэрэгтэй. Хөндлөнгийн оролцоо нөхцөл байдлыг хүндрүүлж байгаа учир
бид үүнийг зогсоохыг хүсэж байна” хэмээн тэрбээр Францын Ерөнхийлөгч Э.Макроны
мэдэгдэлтэй холбогдуулан хэлжээ. Сирийн дайчдыг Туркаар дамжуулан Карабах руу илгээж
байгаа тухай Э.Макрон өмнө нь мэдэгдсэн байна.
Байлдааны ажиллагаагаа даруй зогсоож, гал зогсоох,
сөргөлдөөнийг энхийн замаар зохицуулах зарчмыг чанд баримтална гэдгээ дахин
нотлохыг Европын Зөвлөл талуудаас хатуу шаардаж байна гэж Европын Холбооны дээд
хэмжээний уулзалтын мэдэгдэлд дурджээ.
“Хүмүүс амиа алдаж, энгийн иргэд хохирч байгааг хүлээн
зөвшөөрч боломгүй. Сөргөлдөөнийг байлдааны ажиллагаагаар төдийгүй гадны
хөндлөнгийн оролцоогоор шийдвэрлэх боломжгүй. Азербайжан, Армени урьдчилсан
болзол нөхцөлгүйгээр яриа хэлэлцээгээ эхлүүлэх ёстой” хэмээн баримт бичигт
дурдсан байна.