Мандатын тооноос дутуу тэмдэглэсэн саналын хуудас хүчинтэй
ТОЙМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Аймаг, нийслэлийн 22 сонгуулийн
хороо, 330 сум, есөн дүүргийн 2141 хэсгийн хороонд нийт 18534 хүн ажиллаж
байна. Үүн дээр УБЕГ-ын итгэмжлэгдсэн ажилтан болон цагдаагийн алба хаагчид,
мэдээллийн технологийн ажилтнууд нэмэгдэх юм” гэж СЕХ мэдээлжээ. Сонгуулийн хороод бүртгэсэн нэр дэвшигчиддээ
үнэмлэхийг нь 9 дүгээр сарын 30-нд гардуулсан юм. Нэр дэвшигчид үнэмлэхээ
гардан авна гэдэг нь орон нутгийн сонгууль төгсгөлийн шат руугаа явж байгаа
гэсэн үг. Одоо 13 хоногийн дараа санал хураалт болно. Энэ сарын 13-ны шөнийн 24 цаг гэхэд сонгуулийн сурталчилгаа
дуусна.
Нийслэлийн иргэдийн
төлөөлөгчдийн хурал (НИТХ) 45 төлөөлөгчтэй. Төлөөлөгчдийг олон мандаттай 23
тойргоос сонгоно. Харин Сонгинохайрхан 45, Баянзүрх 43, Баянгол 41, Хан-Уул,
Сүхбаатар, Чингэлтэй дүүргүүдийн ИТХ тус
бүр 35, Налайх 25, Багануур, Багахангай дүүргийн ИТХ тус бүр 17 төлөөлөгчтэй байх аж.
НИТХ-ын 45, мандаттай түүний төлөө 6 нам эвслийн нэр дэвшигчид өрсөлдөхөөр бүртгүүлсэн гэж нийслэлийн сонгуулийн хороо мэдээллээ. Нэр дэвшигчдийн бүртгүүлсэн байдлыг
харвал НИТХ-д 6 нам эвслээс 102, 2 бие даагч
нийт 104 нэр дэвшигч өрсөлдөхөөр болжээ. Харин дүүргүүдийн ИТХ-ын 293
судлын төлөө өрсөлдөхөөр нийт 700 орчим нэр дэвшигч үнэмлэхээ авчээ.
Монгол улсын хамгийн олон
хүн амтай Хөвсгөл (135 000) аймгийн ИТХ-ын сонгуульд 4 намаас 92, бие
даагч 5 нийт 97 нэр дэвшигч бүртгүүлэхээр материал хүргүүлжээ. Түүнээс 85 –ыг нь
бүртгэж нэр дэвшигчийн үнэмлэх олгосон байна. Тус аймгийн сонгуулийн хороо
бүртгэхээс татгалзсан нэр дэвшигчдийн хувьд зөрчлөө арилгаад дахин бүртгүүлэх
боломжтой. Энэ асуудал удахгүй шийдэгдэх биз. Хөвсгөл аймгийн ИТХ 41 суудлын төлөө одоогийн байдлаар 85 нэр дэвшигч өрсөлдөх нь
тодорхой болов бололтой. Тэгвэл хамгийн цөөн хүн амтай Говьсүмбэр аймаг (17000)-ийн
ИТХ 17 төлөөлөгчтэй. Энэ жишгээр авч үзвэл хүн амын тооноосоо
хамаарч аймаг тус бүрийн ИТХ-ын мандатын тоо өөр өөр байх юм.
Гэхдээ ихэнх аймгууд ИТХ-ын 35-41 төлөөлөгч сонгоно.
Орон нутгийн сонгуулийн
хуулиар 5000-аас дээш хүн амтай суманд
тойрог нэмж байгуулна. Улсын хэмжээнд хуульд заасан
тооноос дээш хүн амтай 61 сум (аймгийн төвийн сумууд орсон) бий. Эдгээр сумдад
аймгийн ИТХ-ын тойрог нэмж байгуулах боломжтой. Тэр бүхэн хуулийн хүрээнд шийдэгдсэн биз. Харин хүн ам багатай бусад
сумдын хувьд засаг захиргааны нэгжийн хувьд тухайн аймгийнхаа ИТХ-ын нэг мандаттай тойрог болох юм. Сумын ИТХ-д багууд тойрог болно.
Ер нь аймаг, нийслэл сум,
дүүргийн ИТХ-ын 8169 мандаатын төлөө 17 мянга 161 хүн өрсөлдөх мэдээлэл (2020 оны 9 дүгээр сарын 26) цацагдсан юм.
Гэтэл 9 дүгээр сарын 29-ны өдөр нийслэлийн сонгуулийн хороонд нийслэлийн
Захиргааны хэргийн шүүхийн шүүгчийн 7337
тоот захирамж иржээ. Шүүгчийн
захирамжийн дагуу нийслэлийн сонгуулийн
хороо 2020 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр
Хөдөлмөрийн үндэсний нам (ХҮН)-ын 27 нэр дэвшигчийг бүртгэсэн А/21 дугаар тогтоолоо түдгэлзүүлжээ. Захиргааны хэргийн анхан шатны
шүүхэд 9 дүгээр сарын 16-нд иргэн н.Бямбадэлгэр
нэхэмжлэл гаргажээ. Тэр дагуу нийслэлийн Захиргааны хэргийн шүүхийн шүүгч дээрх
захирамжийг гаргасан аж.
Энэ жилийн орон нутгийн
сонгуулийн хувьд ирцийн босго тогтоогоогүй. Ийм учраас ирц хүрсэн хүрээгүй гэх
маргаан , нэмж санал хураах тухай ойлголт байхгүй. Мандатын тооноос дутуу
тэмдэглэсэн нөхцөлд саналын хуудас хүчинтэй. Түүнээс гадна ямар нэг тэмдэглэл
хийгээгүй (нэр дэвшигчдээс хэнийг ч
дэмжээгүй), саналын хуудсыг хүчинтэйд тооцно. Харин мандатын тооноос илүү болон ямар нэг өөр тэмдэглэл хийсэн саналын хуудсыг хүчингүйд тооцно. Ийм учраас сонгогчид
саналаа өгөхдөө аймаг, нийслэл сум, дүүргийн тухайн тойргийн мандатын тоог сайн
харж анхааралтай хандах хэрэгтэй болов гэлтэй.