Уулын Карабахын эрх баригчид нэг өдөрт олон цэргээ алдсанаа мэдэгджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2020-10-02 15:36:09

ЕРЕВАН. /РИА Новости/. Уулын Карабахын Батлан хамгаалах арми өнгөрсөн хоногт 54 хүнээ алдлаа хэмээн хүлээн зөвшөөрөгдөөгүй Уулын Карабахын Бүгд Найрамдах Улсын Батлан хамгаалах армийн командлагчийн орлогч Артур Саркисян мэдэгджээ.


“Харамсалтай нь 54 цэргийн албан хаагч амиа алджээ. Эмгэнэл илэрхийлж байна” хэмээн тэрбээр мэдэгдэв. 


Армийнх нь байрлалууд руу Армени гал нээсэн тухай Азербайжаны эрх баригчид есдүгээр сарын 27-нд мэдэгдсэн юм. Харин Арменийн эрх баригчдын мэдэгдсэнээр бол Азербайжаны Зэвсэгт хүчин түрүүлж довтолж, суурингууд руу нь гал нээжээ. Хоёр тал хоёул хүний амь үрэгдсэн, шархадсан тухай, түүний дотор энгийн иргэд ч байгаа гэж мэдээлж байна. Арменийн эрх баригчид дайны байдал тогтоож, 55 хүртэлх насны эрчүүдийг цэрэгт дайчлахаа мэдэгдсэн юм. Харин Азербайжаны эрх баригчид нутаг дэвсгэр даяараа дайны байдал тогтоожээ.


ОХУ, Франц зэрэг хэд хэдэн орон хүлээцтэй байхыг талуудад уриалжээ. Харин Турк мэдэгдэхдээ Уулын Карабах дахь нөхцөл байдал дахин хурцдаад буй энэ үед Азербайжанд хүссэн тусламжийг нь үзүүлнэ гэжээ. 

Холбоотой мэдээ