Боловсролын салбарт 1700 гаруй багш ажиллаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2020-10-02 16:03:33

Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймагт “Багшаа хүндэтгэе” баярын хурал зохион байгуулж, шилдэг багш нарыг шагнаж урамшууллаа.  

Дэлхийн багш нарын 26 дахь өдөр, Монголын багш нарын 54 дэх өдрийг тохиолдуулан Ховд аймгийн Боловсрол соёл урлагийн газраас “Багшаа хүндэтгэе” сэдэвт баярын хурлыг өнөөдөр зохион байгуулав.

Хурлын эхэнд аймаг орон нутгийн удирдах ажилтнууд мэндчилгээ дэвшүүлсэн. Мөн аймгийн Боловсрол соёл урлагийн газрын дарга М.Пүрэвхүү өнгөрсөн хичээлийн жилийн амжилт ололтыг дүгнэж, 2020-2021 оны хичээлийн жилд хэрэгжүүлэх ажлын чиглэл,  зорилтоо танилцуулсан юм.

Ховд аймгийн хэмжээнд боловсролын салбарт 1700 гаруй багш ажиллаж байна. Улмаар энэ хичээлийн жилд ерөнхий боловсролын сургуульд 20600 орчим сурагч, цэцэрлэгт 7300 орчим хүүхэд сурч хүмүүжиж байна. 

Тэгвэл энэ удаагийн баярын хуралд орон нутгийн хүүхэд багачууд, өсвөр, залуу үеийнхнийг сурган хүмүүжүүлэх,  хөгжүүлэх үйлсэд хүчин зүтгэж ирсэн ахмад, дунд, залуу багш нарын төлөөлөл 400 гаруй хүн оролцлоо.

Энэ үеэр орон нутгийн боловсрол салбарын багш, ажилтны ажиллах, хүүхдийн суралцах орчин нөхцөлийг сайжруулах, хүртээмжийг нэмэгдүүлэх, сурлагын чанарын түвшинг ахиулахад анхаарч ажиллаж байгаа талаар албаныхан онцлон хэлэв.

Мөн баярын хурлын үеэр боловсролын салбарын үйл ажиллагааны чанар, хүртээмжийг дээшлүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулан ажиллаж буй нэр бүхий багш, ажилтанг шагнаж урамшуулсан юм. Тодруулбал, “Боловсролын тэргүүний ажилтан” хүндэт тэмдгээр 15 багш шагнууллаа. Харин яамны “Жуух бичиг”-ийг 49 багш гардан авсан.

Үүнээс гадна “Чадварлаг багш” аймгийн дэд хөтөлбөрийн хүрээнд 43 багшийг шагнаж урамшуулсан бөгөөд “Элсэлтийн ерөнхий шалгалт-д амжилт гаргасан, оноогоо ахиулсан нийт 8 сургууль, бэлтгэсэн шавь нь 800 оноо авсан гурван багш тус бүрт мөнгөн шагнал гардуулан өгч, баяр хүргэсэн юм.

Сүүлийн дөрвөн жилийн хугацаанд Ховд аймгийн боловсролын салбарт нэлээд хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажил хийсэн. Тодруулбал, өнгөрсөн 4 жилийн хугацаанд аймгийн хэмжээнд 10 цэцэрлэгийн барилгыг шинэчилж, наймыг нь бүрэн ашиглалтад оруулжээ. Мөн бүх сургуулийн сурагчдын ширээ сандал, цэцэрлэгийн гал тогооны тоног төхөөрөмж, зөөлөн эдлэлийг шинэчлэх ажлыг үе шаттай хэрэгжүүлж байна.

Холбоотой мэдээ