“Орон зайн өгөгдлийн дэд бүтэц, бодлогыг идэвхжүүлэгч байгууллага”-аар шалгарлаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2020-10-02 15:51:15

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Geospatial Media and Communications” байгууллагаас Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрыг “Дэлхийн орон зайн мэдээллийн манлайлал” төрөлд Орон зайн өгөгдлийн дэд бүтэц, бодлогыг идэвхжүүлэгч байгууллага-аар шалгаруулав.

Геодези, зураг зүй, газар зохион байгуулалт, газрын кадастрын бүртгэлээс бүрдсэн орон зайн мэдээллийн нэгдсэн геоплатформ бий болгож, үндэсний хэмжээнд шинэлэг, баталгаатай мэдээллийг төрийн байгууллага, олон нийтэд шуурхай, хүртээмжтэй хүргэж байгааг нь ийнхүү үнэлжээ. Энэ хүндтэй шагналыг БХБ-ын сайд Б.Мөнхбаатар Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын дарга Ц.Ганхүүд гардуулан, хамт олонд нь баяр хүргэлээ.

“Geospatial Media and Communications” байгууллагаас Дэлхийн Орон зайн форумын үеэр Дэлхийн Орон зайн шилдгүүдийн шагнал (Geospatial World Awards) гардуулах ёслолыг жил бүр зохион байгуулдаг ч COVID-19 цар тахлын улмаас энэ жил анх удаа цахимаар зохион байгуулсан.

Geospatial World Awards нь дэлхийн орон зайн салбар дахь шинэлэг нээлт, санал, санаачилга гаргасан хувь хүн, байгууллагыг үнэлж шагнадаг, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн шагнал юм. 2007 оноос хойш 200 гаруй хувь хүн, байгууллагыг шагнажээ. "Geospatial World Awards 2020" нь дэлхийн хэмжээнд “Өөрчлөлт, шинэчлэлтийг авчрагч”, “Дэлхийн орон зайн мэдээллийн манлайлал”, “Дэлхийн орон зайн мэдээллийн манлайлал” гэсэн 3 төрлийн 20 ангиллаар шилдгээ тодруулжээ. 

Холбоотой мэдээ