Их, Бага Даянгаас цэвэрлэсэн мөнгөн дэвсгэртийг төв банканд тушаана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2020-10-02 22:17:55

Завхан/МОНЦАМЭ/. Тус аймагт өнгөрсөн долоо хоногийн бямба гарагт Алдархаан сумын Богдын гол багийн нутагт орших Их, Бага Даян хайрхны тэргүүн цохион дахь хүний гараар бүтсэн хог хаягдал, бохирдлыг цэвэрлэх эко аялал, буяны үйл үйл амжилттай боллоо гэж Монгол банкны Завхан салбараас мэдээлэв. 

-Овоонд өргөсөн мөнгөн тэмдэгтийг бид цэвэрлэгээний явцад түүн, тоолж цэгцлэн Монгол банкны ОНБМТ-д хүргүүлэхээр бэлтгэж цэгцэллээ. Төрийн байгууллага, олон нийтийн санаачилгын уялдаа холбоо нь ямар үр дүнтэйг харуулсан, зорилго биелсэн, овоо хангай минь цэвэр цэмцгэр болсон эко аялал болж өнгөрлөө. "Эрүүл биед саруул ухаан, ихийг бүтээх эрч хүч, тэмүүлэл оршино" уриатай “Ялгуусны Харшийн Орой” клубийн санаачилгаар олон нийт дэмжиж, манай банкнаас зохион байгуулж буй “Халаасанд бус хэтэвчинд, Овоонд бус хэрэглээнд” аяны хүрээнд эко аяллыг явуулсан юм. Иргэдэд мөнгөн тэмдэгтийн соёлтой, зохистой хэрэглээг төлөвшүүлэх талаар банкнуудаас зохиох ажил, ОТГОНТЭНГЭР-ийн улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын Захиргааны газрын намрын цэвэрлэгээний ажил давхацсан үйл явдал боллоо. Банкнуудаас долоо хоног бүрийн амралтын өдрөөр уулын аялагчдын клубүүдтэй хамтран явган аялал зохион байгуулж уул, овооны хогийг цэвэрлэж сурталчлан таниулах ажил хийж байгаа юм.

Ташрамд дуулгахад, бид энэ удаагийн аяллаар овоонд байгаа хадаг, торго дурдан, элдэв лааз, есөн эрдэнэ, ембүү, цаасан мөнгө, машины эрэг боолт, төмөр, хутга, сам, архины шилнүүд гээд хүний гараар бүтсэн хогийг цэвэрлэж ачууллаа. Уул овоонд байхгүй хог гэж алга. Өргөсөн ногоон цайнууд нь өмхийрөөд зарим газраа хүн ойртохын ч аргагүй. Хадаг нэртэй энэ эдийг Монгол Улсынхаа баялаг болсон валютаар сольж авч, иргэд бид хангай дэлхийдээ хогийн цэг байгуулж байна. Эко аяллын багийнхан эхлээд хадаг торгоны тоо хэмжээг гаргах гэж оролдсон боловч хэдэн тонноор ярихаас ширхгээр ярихын эцэсгүй байна. Ямар их баялаг хэрэггүй устаж байна вэ гэж халагламаар. Иймд банкирууд бидний зүгээс сүсэг биширлээ илэрхийлэх өөр аргыг олохыг хамтдаа эрэлхийлэхийг нийт иргэдэд уриалж байна гэж Монгол банкны Завхан салбараас мэдээлэв.

 Уул овоонд өргөсөн мөнгөн тэмдэгтийг цэвэрлэжээ

Эко аяллын хүрээнд Ар Даянгаас ойролцоогоор 2500 орчим хадаг, 100 гаруй дээлийн өнгийг цэвэрлэжээ.

Дунджаар 5,0 сая гаруй төгрөгийн эд зүйлс гэж тооцоолсон. Харин Урд Даянгаас баримжаалах аргагүй хэдэн тонн хадаг, дээлийн өнгийг цэвэрлэлээ. Мөн энэ үеэр уул овоонд өргөсөн мөнгөн тэмдэгтийг цэвэрлэж тоолоход хүчинтэй мөнгөн тэмдэгт 63,243 төгрөг 93 мөнгө, 1993 оноос өмнө гүйлгээнд явж байсан дэвсгэрт 59 төгрөг, 54 юань, хоёр доллар, нэг рубль байна. Ямар ч тээвэрлэлт, ялгалт хийх боломжгүй хүчингүй болсон устгалд орох хэсэг мөнгөн тэмдэгт гарлаа.

Дахиад хэдэн зуун өнгөрсөн ч Цаст их Очирваань хангайн их уулс, Даян хайрхан минь унаган төрхөөрөө байгаасай гэж эко аялалд оролцсон хүн бүр залбирч байна. Ёс заншлаа дээдэлсэн Монголчууд минь байгаль эх дэлхийдээ ээлтэй байгаасай. Иймд үндэсний мөнгөн тэмдэгт төгрөгийг улс үндэстний тусгаар тогтнолын бэлгэ тэмдэг, үнэт цаасных нь хувьд зүй зохистой ашиглахыг уриалж байна гэж Монгол банкны Завхан дахь салбараас нэмж мэдээллээ.



Холбоотой мэдээ