Зочлох үйлчилгээний ажилтнууд төрөлжсөн сургалтад хамрагдаж байна

Орон нутагт | Говь-Алтай
185@montsame.mn
2020-10-05 21:17:37

Говь-Алтай /МОНЦАМЭ/. Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас хоёр дахь жилдээ зохион байгуулж буй "Зочлох үйлчилгээний төрөлжсөн сургалт" Говь-Алтай аймагт үргэлжилж байна.

 

БОАЖЯ-наас өнгөрсөн есдүгээр сараас эхлэн 21 аймаг, 9 дүүргийн хэмжээнд зочлох үйлчилгээний салбарын ажилтан, албан хаагчдыг чадавхжуулах, тус чиглэлээр ажиллах сонирхолтой иргэдийг хамруулан онол, практикийн үнэ төлбөргүй сургалтыг зохион байгуулж байгаа билээ. Энэхүү сургалтыг тус аймагт хуваарийн дагуу энэ сарын 05-09-ний хооронд зохион байгуулах юм. Сургалтын нээлтийн үйл ажиллагаа өнөөдөр тус аймгийн Нутгийн удирдлагын ордны хурлын танхимд болж аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын дарга Д.Батмагнай нээж, оролцогчдод амжилт хүслээ.

Сургалтыг бартендер, бариста, тогооч, зочид буудал , жуулчны баазын өрөөний үйлчлэгч, угаагч, хаалгач ачаа зөөгч, хөтөч-тайлбарлагч, зочин угтагч гэсэн 10 чиглэлээр явуулж байгаа бөгөөд Монголын зочид буудлын холбоо, Мэргэжлийн хөтөч, тайлбарлагчийн холбоо, Монголын зочлох үйлчилгээний холбооны ур чадвартай, мэргэжлийн сургагч багш нар хичээл заах юм.

Аялал жуулчлал, зочлох үйлчилгээний салбарын ажилчид мэргэшлээ бататгах, шинэ мэдээлэл авах, мөн энэ салбарт хөдөлмөр эрхлэхийг хүссэн иргэд энэхүү сургалтад үнэ төлбөргүй хамрагдаж байна хэмээн БОАЖГ-аас мэдээлэв. 


Холбоотой мэдээ