Японы Гадаад хэргийн сайд Мотэги Тошимицү Монгол Улсад айлчилна

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
munkhbaatar@montsame.gov.mn
2020-10-06 11:31:49
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Гадаад харилцааны сайд Н.Энхтайваны урилгаар Япон улсын Гадаад хэргийн сайд Мотэги Тошимицү манай улсад албан ёсоор энэ сарын 9-10-нд айлчлах болсон тухай ГХЯ өнөөдөр мэдээлэв.

 

Айлчлалын үеэр Японы Гадаад хэргийн сайд Мотэги Тошимицү Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нарт бараалхана. Мөн Гадаад харилцааны сайд Н.Энхтайвантай албан ёсны хэлэлцээ хийнэ. Уг хэлэлцээний үеэр талууд Монгол-Японы стратегийн түншлэлийг бататган бэхжүүлэх талаар дээд түвшний яриа хэлэлцээрийн давтамжийг хадгалах, хоёр талын хамтын ажиллагааг бүхий л салбарт гүнзгийрүүлэн өргөжүүлэх асуудлыг ярилцана. Түүнчлэн бүс нутгийн харилцан сонирхсон асуудлаар санал солилцохоор төлөвлөжээ. 


Энэ удаагийн Японы гадаад хэргийн сайдын айлчлал нь тав дахь удаагийнх бөгөөд өнгөрсөн жил тус улсын Гадаад хэргийн сайд Коно Таро манай улсад айлчилсан. Японы Гадаад хэргийн сайд нэг жилийн зайтай манай улсад айлчилж байгаа нь тус улсын Засгийн газар, Гадаад харилцааны сайд нь Монгол Улстай стратегийн түншлэлийн харилцаагаа бэхжүүлэх асуудалд тэргүүлэх ач холбогдол өгч буйг илэрхийлж байна хэмээн ГХЯ-ны Ази, номхон далайн орнуудын газрын захирал Э.Сарантогос мэдээллийн үеэр тэмдэглэв. 

Холбоотой мэдээ