Нобелийн шагналын тухай сонирхолтой баримтууд

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ayanzaya@montsame.gov.mn
2020-10-06 14:52:39

МОСКВА. /TASS/. Нобелийн шагналыг 1901-2019 оны хугацаанд 597 удаа гардуулж байжээ. Хоёр удаа шагнагдаж байсан хүмүүсийг оролцуулаад нийт 919 хүн, 24 байгууллага энэ шагналын эзэн болж байсан бөгөөд тэднээс 53 нь эмэгтэй байсан аж.


Шагнал хүртсэн хүмүүсийн дундаж нас 60. Харин хамгийн залуу шагналтан нь Пакистаны хүний эрхийг хамгаалагч Малала Юсуфзаи бөгөөд тэрбээр 2014 онд 17 настай байхдаа энэ шагналыг хүртэж байжээ. Түүнээс өмнө Их Британийн физикч Лоуренс Брэгг 1915 онд 25 насандаа Нобелийн шагналын эзэн болж байсан аж. Нобелийн шагнал хүртсэн хамгийн өндөр настай хүн бол 97 настай Америкийн эрдэмтэн Жон Гудинаф юм. Тэрбээр 2019 онд химийн салбарт шагнал авсан байна.


Нобелийн шагналыг хоёр удаа хүртэж байсан хүмүүсийн нэрсээс дурдвал Польшийн эрдэмтэн Мария Кюри 1903 онд физикийн, 1911 онд химийн, Америкийн химич Лайнус Полинг 1954 онд химийн, 1962 онд Энх тайвны салбарт, Америкийн эрдэмтэн Жон Бардин 1956, 1972 онуудад физикийн, Их Британийн биохимич Фредерик Сэнгер 1958, 1980 онуудад химийн салбарт тус бүр энэхүү нэр хүндтэй шагналын эзэн болж байсан гэнэ. Олон улсын улаан загалмайн нийгэмлэг 1917, 1944, 1963 онуудад Энх тайвны шагнал хүртэж байсан бол НҮБ-ын Дүрвэгсдийн асуудлыг хариуцсан дээд комиссарын газар 1954, 1981 онуудад Энх тайвны шагнал хүртэж байжээ.


Нобелийн шагналтнууд дунд гэр бүлийн 5 хос байдаг. Мария болон Пьер Кюри (1903, физик), Ирэн Жолио-Кюри болон Фредерик Жолио (1935, хими), Герти,  Карл Кори хоёр (1947, физиолог, анагаах ухаан), Гуннар Мюрдаль (1974, эдийн засаг) болон Альва Мюрдаль (1982, Энх тайвны шагналт), Май-Бритт, Эдвард Мозер (2014, физиологи, анагаах)-ын салбарт тус бүр шагнал хүртэж байжээ. Үүнээс гадна шагналыг ах дүүс Ян Тинберген (1969, эдийн засаг), Николаас Тинберген (1973, анагаах ухааны) нар авч байсан юм.  

 

Шагналын мөнгөө юунд зарцуулж байв?

Шагналын эзэд шагналын дагалддаг мөнгийг уламжлал ёсоор шинжлэх ухааны хөгжилд эсвэл сайн үйлсийн хөтөлбөрт зориулдаг аж. Гэсэн ч өөр зорилгоор ашиглагдаж байсан хэд хэдэн баримт Нобелийн шагналын цахим хуудаст дурдагдсан байдаг аж.


Тухайлбал, 1921 онд физикийн салбарт шагнал авсан Альбер Эйнштейн анхны эхнэр Милева Марич болон хоёр хүүгийнхээ хэрэглээнд зориулж байсан аж.


1933 оны утга зохиолын шагналтан Иван Бунин шагналын мөнгөө маш их зугаа цэнгэлд зарцуулж байснаас гадна Франц дахь Оросын цагаачдад тэтгэмж олгоход зарцуулж байсан бол 1993 онд химийн шагналын эзнээр тодорсон Филипп Шарп, Ричард Робертс нар мөнгөө эртний байшин худалдан авах, крикетийн талбай барихад зарцуулж байжээ.


Их Британийн биохимич Пол Нерс 2001 онд шагнагдаж байсан бөгөөд мөнгөө мотоциклоо шинэчлэн сайжруулахад үрж байсан бол Туркийн зохиолч Орхан Памук Истамбул хотод Гэм зэмгүйчүүдийн музей нээсэн байна.

 

Шагналаас татгалзсан тохиолдлууд

Нобелийн шагналаас татгалзсан хэд хэдэн тохиолдол байдаг аж. Тухайлбал, нацист Германд Нобелийн шагнал авахыг хориглодог байсантай холбоотойгоор Германы эрдэмтэд болох Рихард Кун (1938 оны химийн), Адольф Бутенандт, Герхард Домагк (1939 оны хими,  физиологи ба анагаах ухаан) нар шагналаас татгалзаж байв. Тэд дэлхийн хоёрдугаар дайны дараа үнэмлэх, медалиа гардан авч байсан аж.


ОХУ-ын яруу найрагч Борис Пастернак 1958 онд эрх баригчдын шахалтаар утга зохиолын шагнал хүртэхээс татгалзаж байжээ. ЗХУ-д түүний хилийн чанадад хэвлүүлсэн "Доктор Живаго" романыг үзэл сурталд харш гэж үзэж байсан аж. Тийнхүү хожим нь 1989 оны 12 дугаар сард медаль болон үнэмлэхийг нь хүүд нь гардуулж байсан аж.


Түүнчлэн Францын гүн ухаанч Жан-Поль Сартр хувийн шалтгаанаар утга зохиолын шагналаас татгалзаж байжээ.


Вьетнамын улс төрийн зүтгэлтэн (Хойд Вьетнамын төлөөлөгч) Ле Дык Тхо Энх тайвны шагналаас татгалзжээ. Вьетнамд энх тайвныг сэргээх тухай хэлэлцээр байгуулахад хүчин чармайлт гаргасных нь төлөө тэрбээр Хенри Киссинжерын хамт 1973 онд шагналуулах ёстой байсан хэдий ч улс оронд нь байлдааны ажиллагаа үргэлжилж байсан учир шагналаа аваагүй байна.  

Холбоотой мэдээ