Трампыг эдгэрсэнд зориулж зоос цутгажээ

Дэлхийд | Улс төр
Jargal.d@montsame.mn
2020-10-06 15:27:40

МОСКВА. /Sputnik/. Цагаан ордон шинэ бэлэг дурсгалын зүйл буюу “Ерөнхийлөгч Дональд Трамп “COVID”-ийг яллаа” сэдэвт зоос гаргажээ. "360" телевизээр мэдээлж буйгаар, уг зоосыг хүссэн хүн бүр худалдан авах боломжтой аж.


Гэхдээ Америкийн удирдагч вирусийг ялж чадсан эсэх нь одоог хүртэл тодорхойгүй байгаа юм. “Ерөнхийлөгч Трамп бол хүч чадал. Манай “Түүхэн мөчүүд” цувралын сүүлчийн дурсгалын зооснуудын урьдчилсан худалдаа эхэлснийг мэдэгдэхдээ баяртай байна” гэж зоосны дизайнер Энтони Жаннини мэдээлжээ.


Уг зоосыг 100 ам.доллароор худалдаж авах боломжтой байна. Эхний багц нь 11 дүгээр сарын 14-ний дотор бэлэн болно. Үүний зэрэгцээ зоосны загварыг одоог хүртэл нууцалж байна.


АНУ-ын Ерөнхийлөгч эмнэлгээс гарсныхаа дараа биеийнх нь байдал маш сайн байна гэж мэдэгдсэн юм. Тэрбээр шинэ вируст өөрийгөө дарамтлуулахыг зөвшөөрч болохгүй гэдгийг онцлон тэмдэглэжээ.


АНУ-ын Ерөнхийлөгч өнгөрсөн долоо хоногт коронавирусний халдвартай эмнэлэгт хүргэгдсэн. Тэрбээр Вашингтоны захад орших цэргийн эмнэлэгт эмчлүүлж байжээ. Түүний гэргий Меланьягаас мөн коронавирус илэрсэн юм.


Холбоотой мэдээ