Баруун бүсийн аварга шалгаруулах сагсан бөмбөг, волейболын тэмцээн үргэлжилж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2020-10-08 09:12:54

Говь-Алтай /МОНЦАМЭ/. "Макс групп"-ийн нэрэмжит баруун бүсийн аварга шалгаруулах сагсан бөмбөг, волейболын тэмцээн Алтай хотноо болж байна.


Уг тэмцээнийг Баянхонгор-Говь-Алтай чиглэлийн 127 км авто замыг улсын комисст хүлээлгэн өгөхтэй холбогдуулан Баянхонгор, Баян-Өлгий, Говь-Алтай, Ховд, Завхан, Увс аймгийн насанд хүрэгчдийн шилдэг багууд оролцуулан зохион байгуулж байгаа юм. Тэмцээний ерөнхий ивээн тэтгэгчээр “Макс групп”, зохион байгуулагчаар Говь-Алтай аймгийн Биеийн тамир, спортын газар ажиллаж байгаа бөгөөд нээлтийн үйл ажиллагаа 10 дугаар сарын 7-нд Алтай хотноо боллоо. Нээлтэнд тус аймгийн Биеийн тамир, спортын газрын дарга Н.Бямбацогт, "Макс групп"-ийн охин компани болох "Макс рөүд" компанийн төлөөлөл, баг тамирчид оролцсон юм. Тэмцээн хоёр өдрийн турш үргэлжилж шилдгүүдээ тодруулах аж. 


Холбоотой мэдээ