Киргизийн ерөнхий сайд огцорчээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
БИШКЕК. /24.kg/. Киргизийн Ерөнхий сайд Кубатбек Боронов албан тушаалаасаа огцорч буйгаа мэдэгджээ.
Киргизийн парламент Садыр Жапаровыг ерөнхий
сайдаар томилохыг дэмжжээ.
“Парламентын шийдвэрээр Жапаров ерөнхий
сайдын үүрэг гүйцэтгэгчээр томилогдов” хэмээн тус хууль тогтоох байгууллагын
хэвлэлийн албаны ажилтан мэдэгдсэн байна.
Засгийн газрын шинэ бүрэлдэхүүнд саналаа өгөхийн тулд парламентыг "Достук" зочид буудалд яаралтай хуралдуулахыг сөрөг хүчин мягмар гарагт уриалжээ. Эхлээд хуралдааны ирц бүрдээгүй ч хожим 120 депутатаас 62 депутат цугларчээ.
Олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн мэдээлж буйгаар, Жапаровыг 2013 онд Караколд хууль бусаар жагсаал цуглаан зохион байгуулж, тус бүс нутгийн амбан захирагчийг барьцаалсан хэмээн буруутгаж, хорих ангид ял эдлүүлж байжээ. Түүнийг Бишкек хотод мягмар гарагт болсон эмх замбараагүй байдлын дараа хорих ангиас сулласан байна.
Киргизэд ням гарагт парламентын сонгууль болж, урьдчилсан дүнгээр, Киргизийн хууль тогтоох байгууллагад Засгийн газрын талыг баримтлагч "Биримдик" нам (24.52 хувийн санал авсан), "Мекеним Кыргызстан" нам (23,89), мөн төвч үзлийг баримтлагч "Кыргызстан" (8,73), "Бутун Кыргызстан" (7,11) намууд орсон байна. Үлдсэн намууд долоон хувийн босгыг давж чадаагүй бөгөөд олон тооны зөрчил гарсан гэж мэдэгджээ.
Сонгуульд ялагдсан намуудын дэмжигчид эсэргүүцлийн жагсаал зохион байгуулсан бөгөөд тэдгээрийн нэг нь Киргизийн Ерөнхийлөгч асан Алмазбек Атамбаевын хүү Сейитбек Атамбаевын "Киргизийн социал демократууд" нам юм. Жагсагчид мягмар гарагт шилжих шөнө парламентын ордныг эзлэн авч, дараа нь Ерөнхийлөгч асан Атамбаевыг Үндэсний аюулгүй байдлын улсын хорооны цагдан хорих ангиас, Ерөнхий сайд асан Жантөрө Сатыбалдиевыг хорих ангиас сулласан юм. Эрүүл мэндийн яамны мэдээлснээр, мөргөлдөөний улмаас 700 энгийн иргэн, хууль сахиулах байгууллагын 200 орчим хүн шархдаж, нэг хүн амиа алдсан байна. Сонгуулийн төв комисс сонгуулийн дүнг хүчингүйд тооцсон юм.