Канадын Элчин сайд Катрин Ивкоф Ховд аймагт ажиллаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2020-10-07 15:27:00

Ховд /МОНЦАМЭ/. Канад улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Катрин Ивкоф энэ сарын 7-ны өдөр Ховд аймагт ажиллаж байна. Энэ үеэр аймгийн удирдах ажилтнуудтай уулзалт хийлээ.  

Энэ удаагийн уулзалтын хүрээнд талууд хамтын ажиллагаагаа цаашид бэхжүүлэх, орон нутгийн төрийн албан хаагчдын мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх, үйлдвэрлэл, үйлчилгээний салбарт ажиллаж буй эмэгтэйчүүдийн хөгжлийг дэмжих чиглэлд хамтран ажиллахаар санал солилцов. 

Элчин сайд Катрин Ивкоф нь 2018 онд Ховд аймагт ажиллахдаа Канад сангийн орон нутгийн санаачилга (КСОНС) хөтөлбөрийн санхүүжилтээр Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн Хүүхдийн эрчимт эмчилгээний тасагт амьсгалын аппарат, нярайн дулаан ширээ, өвчтөний хяналтын монитор, биллиметр, пульсоксиметр зэрэг 38 сая төгрөгийн өртөг бүхий тоног төхөөрөмж гардуулан өгч байжээ. Энэ нь хүүхдэд үзүүлэх эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулахад чухал, үр дүнтэй ажил болсон гэж аймгийн удирдлагууд онцоллоо.  

Улмаар Ховд аймагт 50 ортой “Хүүхдийн эмнэлэг”-ийн шинэ барилга ашиглалтад орох гэж байгаа тул хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрэлт хэрэгцээнд нийцсэн эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд анхаарч, тэднийг нөхөн сэргээж, эрүүлжүүлэхэд нэн шаардлагатай тоног төхөөрөмж нийлүүлэхэд дэмжин ажиллахыг хүссэн юм.    

Мөн "Хүчирхийлэлд өртсөн хүүхэд, эмэгтэйчүүдийг түр хамгаалах байр" Ховд аймагт ашиглалтад орсонтой холбогдуулан холбогдох стандартыг хангах, тоног төхөөрөмж нэмэгдүүлэх чиглэлд хамтарч ажиллах тухай санал уламжиллаа.   

Канадын элчин сайд Катрин Ивкоф Ховд аймагт ажиллах үеэрээ Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн үйл ажиллагаатай танилцах бөгөөд эмэгтэйчүүдийн байгууллагын төлөөлөлтэй уулзах аж.   

Холбоотой мэдээ