Цар тахлын дараах хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг үсрэнгүй хөгжүүлэхэд түлхэц болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
munkhbaatar@montsame.gov.mn
2020-10-08 10:22:09
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Гадаад харилцааны сайд Н.Энхтайваны урилгаар Япон Улсын гадаад хэргийн сайд Т.Мотэги Монгол улсад албан ёсны айлчлал хийхээр болсон билээ. Уг айлчлалаас хүлээж буй үр дүнгийн талаар Япон Улсаас Монгол Улсад Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайдаар томилогдон ажиллаж байсан Шимизү Такэноригоос тодруулав.


Айлчлалын хүрээнд Япон улсын Гадаад хэргийн сайд Т.Мотэги Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нарт бараалхана. Мөн Гадаад харилцааны сайд Н.Энхтайван Япон улсын гадаад хэргийн сайд Т.Мотэги нарын ганцаарчилсан уулзалтаар хоёр улсын нийгэм эдийн засаг, улс төрийн хамтын ажиллагааны яриа хэлэлцээр болох юм.


Энэ талаар Элчин сайд Шимизү Такэнори, "Гадаад хэргийн сайд Т.Мотэгигийн Монгол Улсад хийх айлчлал нь хоёр орны харилцаатай холбоотой сүүлийн үед сонссон хамгийн баярт мэдээ байлаа. “COVID-19” цар тахлын улмаас Япон, Монголын харилцаа зогсонги байдалд хүрээд байна. Миний хувьд, энэ оны гуравдугаар сард хэрэгжүүлэхээр төлөвлөж байсан “Хайрын улирал” концерт, Монгол Улсын Шинжлэх ухаан, техникийн их сургуульд тавих байсан илтгэл, Японы Чюүо их сургуулийн удирдлагуудын Монголд хийх айлчлал, Олон улсын анагаах ухаан, нийгмийн хамгааллын сургуулийн элсэлтийн шалгалт, оюутнуудын дадлага, судалгаа гээд бүх ажлуудаа цуцлахаас өөр аргагүйд хүрсэн. Энэ жил өөрийнхөө хоёр дахь эх орон болсон Монголдоо очиж ч чадсангүй. Би хүмүүс хоорондын харилцаа улс хоорондын харилцааг хөгжүүлэх гол суурь нь болдог гэж итгэдэг. Иймээс энэ удаагийн өндөр түвшний улс төрийн яриа хэлэлцээ нэн чухал ач холбогдолтой юм. Хоёр улсын Гадаад хэргийн сайд нарын яриа хэлэлцээ “COVID-19” цар тахлын хүндрэл бэрхшээлийг даван туулж Монголд хэрэгжих болсон нь Япон Улс эрх чөлөө, ардчилал зэрэг нийтлэг үнэт зүйлс бүхий Монгол Улстай хөгжүүлж буй харилцааг чухалчилж үздэгийн илрэл гэж хэлж болно. Япон, Монголын харилцааг хөгжүүлэх чин хүсэлтэй япон иргэдийн талархлыг хоёр орны Гадаад хэргийн яамны холбогдох албаныханд дамжуулахыг хүсье. Энэхүү айлчлал “COVID-19” цар тахлын дараах хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг үсрэнгүй хөгжүүлэхэд түлхэц болно хэмээн найдаж байна" хэмээв. 


Япон улсын Гадаад хэргийн сайд Монгол Улсад тав дахь удаагаа айлчилж байна. Хамгийн сүүлд буюу өнгөрсөн жил Япон улсын Гадаад хэргийн сайд Коно Таро манай улсад айлчилж байсан юм.

Холбоотой мэдээ