Ш.Чулуунбор: Монгол бичгийг хурдавчлан сургаж болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2020-10-09 15:30:19

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын гавьяат багш Ш.Чулуунбор "Би Монгол бичгийн багш" үзэсгэлэнгээ Монголын театрын музейд нээлээ.


Тус үзэсгэлэнг Сүхбаатар аймгийн Боловсрол, соёл урлагийн газар, Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлагаас эрхлэн гаргадаг “Хүмүүн бичиг” сонин, Сүхбаатар аймгийн Ахмад багш нарын холбоо хамтран зохион байгуулав.


Тэрбээр үзэсгэлэндээ 20 гаруй жил монгол бичиг заасан түүхээ танилцуулж буй бөгөөд монгол бичгийн хичээлийн хэрэглэгдэхүүн, гарын авлага, ном сурах бичиг, толь бичиг, монгол бичгээ унших, бичих арга зарчмууд, түүнийг заах аргачлалаас гадна сурган хүмүүжүүлэх ухаан, сургууль боловсролын түүх, сурагчийн дурсамж, багш нарын ажлын туршлага, уран зохиолын зэрэг хэд хэдэн төрлөөр ном бүтээснээ дэлгэжээ.


Юм ховор, цаг өөр байсан үед монгол бичгийн багшийн сургалтын гол хэрэглэгдэхүүн нь "Хүмүүн бичиг" сонин байсныг тэрбээр онцолж байв. Тэрбээр Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлагаас эрхлэн гаргадаг “Хүмүүн бичиг” сониныг “Хүмүүн бичиг” сониныг анх гарсан цагаас нь эхлээд өнөөдрийг хүртэл захиалан ашиглаж, уншиж байгаа захиалагч, идэвхтэн бичигч юм. 1998 онд тус сонинд монгол бичгийн заах аргын уламжлал, шинэчлэл сэдвээр цуврал хичээл нийтлүүлснээс эхлээд шүлэг, захидал, шүүмж, өгүүлэл, ярилцлага олныг хэвлүүлжээ.


Энэ үеэр  “Хүмүүн бичиг” сонины Хариуцлагатай нарийн бичгийн дарга Б.Элбэгзаяа хэлэхдээ,Би монгол бичгийн багш гэж ам дүүрэн хэлэх чадалтай багш байна гэдэг сайхан, бас ховор хувь тавилан юм. Наад зах нь самбар дээр монгол бичгээрээ тэгш сайхан, хичээнгүй бичиж чаддаг байх хэрэгтэй. Монгол бичиг маань албан ёсоор нэгэн шинэ цаг үеийг эхлүүлэхэд дөрөвхөн жил үлдсэн байна. Төрийн бичиг болно гэдэг түүхэн үйл явдал болох юм. Төрийн бичигт бэлтгэх үндэсний хөтөлбөрийг бид мөрдөж эхэлж байгаа энэ цаг үед Чулуунбор багш маань үзэсгэлэнгээ гаргаж байгаа нь цаг үеэ олжээ. Тэрбээр манай “Хүмүүн бичиг” сониныг хичээлийн хэрэглэгдэхүүн болгож, шавь нартаа жинхэнэ бүтээлчээр үр дүнтэй ашиглах жишээг харуулж байгаа багш юм” гээд 2021 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн бүтэн жилийн турш “Хүмүүн бичиг” сониныг үнэ төлбөргүй захиалах эрх олгосон юм.


Монгол Улсын гавьяат багш Ш.Чулуунбороос дараах зүйлийг тодрууллаа.

-Яагаад та "Би Монгол бичгийн багш" үзэсгэлэнгээ гаргах болов?

-Нэгдүгээрт, ямар шавь төрүүлж, ямар амжилт гаргасан юм бэ гэдгээ үзүүлэх, хоёрдугаарт “Хүмүүн бичиг” сониныг багш өөрөө суралцах болоод хүүхдийг сургахад хэрхэн ашиглаж болох вэ гэдгийг үзүүлэхийг зорьсон.  Багш хүн зөвхөн бэлэн мэдээлэл дамжуулагч биш юм. Өөрөө суралцаж байх, судлаач байх учиртай. Тиймээс чадлынхаа хэрээр өөрөө суралцаж байсан тухайгаа харуулахыг бас зорилоо. Нөгөө талаар, ЕБС-ийн ямар нөхцөлд анхлан зааж, одоо хүүхдийг үндэсний монгол бичигт сургах хэрэгт хэрхэн зүтгэж байгааг нэг багшийн жишээгээр ч гэсэн үзүүлэхээр зорьсон юм.  

-Та хэдэн оноос эхэлж монгол бичиг зааж эхлэв?

-Би 1964 оноос эхэлж багшилсан хүн. 1986 оноос ерөнхий боловсролын сургуульд анх удаа монгол бичиг зааж эхэлсэн. Монгол бичгийг сэргээн заасан багш нарын анхдагч нь гэж хэлж болно. Ер нь хөдөөгийн сургуульд насаараа ажиллалаа. Тухайн үед сургалтын орчин, хэрэглэгдэхүүн их ховор байлаа. Багш нар ч бүрэн бэлтгэгдээгүй байсан.

-Та багшлах хугацаандаа хэчнээн шавь төрүүлэв?

-За тоолж үзсэнгүй ээ, тоогоо алдсан байхаа. Багшаас гадна ерөнхий боловсролын сургуульд хамгийн олон жил хичээлийн эрхлэгчээр ажилласан. Тэгэхээр анги удирдаад явсан гэвэл тун цөөхөн. Харин сургуулиа төгссөн хүүхэд бүр миний шавь нар гэж хэлж болохоор байгаа.

-Төрийн албаны албан бичгийг 2025 оноос кирил, монгол бичгээр давхар хөтөлнө. Тэгэхээр залуу хойч үеэ монгол бичигт сургах, тэдэнд өвлөн уламжлуулах зайшгүй шаардлага монгол бичгийн багш нарт тулгарч байна?

-Монгол хүнийг хүмүүжүүлэх асуудал өнөөдөр маш чухал байна. Монгол Улсын оршин тогтнох гол үндэс бол хүүхдийн хүмүүжлээс шалтгаална. Өрөөр хэлбэл бидний хойч үеийг хэн залгамжлах вэ гэдэг хамгийн чухал. Бид залуу үеэ яаж хүмүүжүүлэх, өв соёлоо яаж хойч үедээ үлдээх вэ гэдэг асуудал Монгол үндэстэн үүрд оршин тогтнохын гол үндэс юм. Өнөөдрийн эдийн засгийн бууралт бол үзэж дуусашгүй бэрхшээл биш, цаг зуурынх юм. Гагцхүү Монгол Улсыг хэн хөгжүүлдэг вэ гэхээр монгол хүн хөгжүүлж таарна. Тэгвэл хүмүүжилтэй, соёлтой, эрдэм боловсролтой, эх түүхээ мэддэг, эх соёлоо уламжилдаг ийм хүнийг бэлтгэн гаргах шаардлагатай байна. Үүний тулд бид дэлхийд ганцхан босоо бичгээ хойч үедээ өвлөн үлдээх хэрэгтэй. Монгол бичгийг монголчууд л цаашид өвлөхөөс биш бусад улс үндэстэн хөгжүүлээд өгнө гэж найдах зүйлгүй. Нөгөө талаар монголчууд дэлхийн соёлын өвийн хүрээнд монгол бичгийг хөгжүүлэх үүрэг хүлээсэн улс. Мөн дэлхийн монголчуудын өмнө Монгол тусгаар улсын хувьд үндэсний бичгээ өвлүүлж, хойч үедээ уламжлах ийм үүргийг давхар хүлээж байгаа юм. Тийм учраас манай залуу үе маань монгол бичгээ сурч эзэмших зайлшгүй шаардлагатай. Монголчууд монгол бичгээ хөгжүүлж, дэвжүүлж авч явах ёстой гэж үзэж байна.

-Хүүхэд залууст монгол бичиг заах арга туршлагаасаа залуу багш нартаа хуваалцана уу. Ер нь монгол бичгийг хурдан сурах боломжтой юу?

-Монгол бичгийг хурдан сурч болно, хурдан сурах аргыг ч бас бичих болсон. Яагаад гэвэл хуучин цагт монгол бичгийг  урт удаан хугацааны дадлагаар сургадаг байсан. Яагаад гэхээр анх бичиг үсэг мэдэхгүй хүнд монгол бичиг эхэлж заах нь ялгаатай. Гэтэл одоо цагт хүүхдүүд бүгд кирилл бичигтэй болчихсон байна. Тиймээс нэг бичгийг сурсан хүн нөгөө бичгийг сурахад амархан. Гэтэл хуучин аргаар өнөөгийн хүүхдийг сургах амаргүй болсон. Бичиг сураагүй хүүхдэд монгол бичиг заах, кирилл үсгээ мэддэг хүүхдэд заахад ялгаатай. Тиймээс кирилл бичигтэй хүнд монгол бичгийг яаж заах вэ гэдэг аргачлалыг боловсруулж, зохиогчийн эрхийн гэрчилгээг авсан юм. Монгол бичгийг хурдавчлан сургаж болно. Тэгэхдээ үсгүүдийг бүлэглэж заах ёстой гэж би үздэг юм. Тухайлбал, зурлагаа заалгасны дараагаар эгшиг үсгүүдийг бөөнд нь үзэх хэрэгтэй. Монгол бичгийн цагаан толгой 29-хөн үсэгтэй шүү дээ. Түүнийг бүлэглээд 14 хичээлээр үзэхэд ихээхэн ач холбогдолтой. Монгол бичиг үзэх цаг нь цөөхөн, дадлагын цаг бас бага байдаг. Тиймээс богино хугацаанд хичээлээ үзээд бататгах цаг их гардаг учраас монгол бичгийг богино хугацаанд заагаад түүнийгээ урт хугацаанд дадлагажуулж байвал монгол бичгийг хүүхэд амархан сурна. Кирилл бичигтэй хүүхдэд монгол бичиг заахад яагаад ингэж байгаа юм гээд  асуугаад байдаг. Тиймээс харьцуулан заах явдал их чухал. Өөрөөр хэлбэл кирилл бичгийн дүрмийн мэдлэгийг монгол бичигт ашиглаж хичээлээ заах юм бол илүү үр дүнд хүрнэ.


Холбоотой мэдээ