Эрэлт ихтэй, үйлчлүүлэгч олонтой Б.Пүрэвдулам эмч

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2020-10-09 13:51:12

Архангай /МОНЦАМЭ/. 


Төсөл эхэлж, хэрэгцээгээ тодорхойлов

Хүүхдийг Ивээх Сангийн АНУ-д төвтэй “Денан төсөл”-ийн санхүүжилтээр Архангай аймгийн Тариат сумын Сум дундын эмнэлэгт 2012 онд эрүүл мэндийн төсөл хэрэгжүүлж эхэлсэн юм. Уг төслөөр зорилтот сумын нийгмийн эрүүл мэндийг дээшлүүлэх, эмнэлгийн хүний нөөцийг бэлтгэхэд дэмжлэг үзүүлэх, тоног төхөөрөмж, эмчилгээний материалаар хангах замаар сум дундын эмнэлгийн үйлчилгээг сайжруулах, аймгийн жишиг эмнэлэг болгох зорилготой байлаа. Энэ үед Тариатын Сум дундын эмнэлэгт өөрийнх нь иргэдээс гадна эргэн тойрны Цахир, Хангай, Чулуут, Өндөр-Улаан зэрэг сумын 15-17 мянган иргэн үйлчлүүлдэг ч шүдний мэргэжлийн эмч, зориулалтын кабинет байсангүй. Хүмүүс шүдний эмчилгээ, үйлчилгээ авахын тулд аймгийн төв рүү дунджаар 600-700 км явж, эмчилгээ хийлгэдэг байв. Шүдний эмчилгээ өөрийн онцлогтой. Хэд хэдэн удаагийн давтамжтай эмчилгээ хийлгэх шаардлага гарна. Дунд нь завсарлана. Тэр бүхэнд дахин дахин аймгийн төв орох болно. Үүнээс болж зарим хүн шүдээ эмчлүүлж амжихгүй, бас дутуу эмчлүүлэх тохиолдол ч гарна. Сум дундын эмнэлэгт шүдний эмч, зориулалтын кабинет “ус, агаар” мэт хэрэгцээ шаардлагатай байлаа.


Эмчээ сургаж, кабинет байгуулав

“Денан төсөл”-ийн нэг зорилго бол эмнэлгийн хүний нөөцийг бэлтгэхэд дэмжлэг үзүүлэх явдал байв. Тиймээс Б.Пүрэвдуламыг “Денан төсөл”-ийн санхүүжилтээр, Тариат сумын эмнэлгийн захиалгаар АУШУИС-д шүдний эмчээр суралцуулжээ. Тэрээр 2017 онд сургуулиа төгсөөд сумандаа ирж, шүдний иж бүрэн, орчин үеийн тоног төхөөрөмж бүхий кабинет хүлээн авсан юм. Энэ кабинетыг иж бүрэн суудал, компрессор, рентген аппарат, багаж ариутгах шүүгээ, ариутгасан багаж савлагч төхөөрөмж, зөөврийн бор машин зэргээр тохижуулж, шаардлагатай материалаар хангасан байв. Ийнхүү Сум дундын эмнэлэгт шүдний ломбо, сувгийн эмчилгээ, рентген, түрхлэг, шүдний тулгуур эдийн эмчилгээ, шүд авах болон бусад жижиг мэс ажилбар хийх нөхцөл бүрдсэн аж. Хэдийгээр тогтоож баталсан тоо нь өдөрт 18 хүн эмчлэх ёстой ч Б.Пүрэвдулам, сувилагч Т.Цогзолмаа нар өдөрт 23-24 хүнд шүдний эмчилгээ, үйлчилгээ үзүүлдэг. Сум дундын эмнэлгийн хамгийн ачаалал ихтэй, үйлчлүүлэгч олонтой газар нь шүдний кабинет.


Өнгөрсөн гурван жилийн хугацаанд Сум дундын эмнэлгийн шүдний кабинет 12 мянган хүнд амны хөндийн тусламж, үйлчилгээ үзүүлснээс 4700 нь сургууль, цэцэрлэгийн хүүхдүүд байгаа юм. Өнгөрсөн хугацаанд шүд цооролт, сувгийн эмчилгээ, шүд авалт болон бусад жижиг мэс ажилбарын тусламжийг 6000 хүнд үзүүлсэн байна.



Б.Пүрэвдулам: Хөдөөний хүмүүс амны хөндийн өвчний тусламж үйлчилгээ авч чадахгүй, хүндэрсэн хойноо эмнэлэгт ханддаг байлаа. Шүдний эмчтэй болсноор цаг алдалгүй тусламж үйлчилгээ авдаг болсон. Ийм эмчилгээ өртөг өндөр, цаг хугацаа их шаардана. Манай кабинет рентген аппараттай болохоор өөрөө зургаа авч оношлоод, эмчилгээний явцаа хянадаг тул цаг алдахгүй, давуу талтай.


Эрүүл мэндийн үйлчилгээ иргэдэд хүрэв

Б.Пүрэвдулам 2017 онд ажлаа эхлэхдээ сумынхаа хүүхдүүдийг шүд, амны хөндийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулжээ. Энэ үед нийт хүүхдийн 98 хувь буюу 100 хүүхэд тутмын 98 нь, нэг хүүхэд дунджаар 8-9 цоорхой шүдтэй байлаа.  Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас ийм тоог шүдний өвчлөлийн өндөр эрсдэлтэй гэж үздэг. Тиймээс жил бүр сумынхаа сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг үзлэгт тогтмол хамруулж, шүдийг нь цоорсон хойно биш цоорохоос нь өмнө урьдчилан сэргийлэх ажил зохион байгуулж байна.

Сургууль, цэцэрлэг дээр амны хөндийн эрүүл ахуйн сургалт зохион байгуулж, эцэг, эхчүүд, багш нарын энэ талаарх мэдлэгийг нь дээшлүүлэх болжээ. Үүнээс өмнө эцэг, эхчүүд зөвхөн “Хүүхдийнхээ шүдийг өвдвөл авахуулах ёстой” гэсэн ойлголттой байсан бол өнөөдөр тэр хандлагаа өөрчилж, хүүхдийнхээ шүдийг цоорохоос урьдчилан сэргийлэх, эмчлүүлэхээс гадна эмчид хандаж зөвлөгөө авах болжээ. Б.Пүрэвдулам хүүхэд бүрд урьдчилан сэргийлэх үзлэг хийж, өвчлөлийн байдлыг тодорхойлон мэдээллийн сан үүсгэж байгаагаа танилцууллаа. Хүүхэд бүрийн мэдээллийг нягт нямбай бүрдүүлсэн энэ сан бол Б.Пүрэвдуламыг ажилдаа чин сэтгэлээсээ ханддагийн нэг илэрхийлэл юм.

Эмнэлгийн шүдний кабинетынхан жил бүрийн 10 дугаар сард сумынхаа сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдэд амны хөндийн эрүүл ахуйн үзлэг хийж, цэцэрлэгийн нэг анги, сургуулийн хоёр бүлэг сонгон эрүүлжүүлэх эмчилгээ хийдэг. Хүүхдүүдээс 12 настайг нь голчлон сонгодог. Учир нь энэ насны хүүхдийн бүх шүд шүдэлж дуусаад, хамгийн эрүүл байх ёстой байдаг. Гэтэл нэг хүүхдийн 6-7 шүд цоорхой байдаг учраас эмчилгээ хийх зайлшгүй шаардлага гардаг аж. Сумын Засаг даргын Тамгын газартай хамтран хүүхдийн шүд цоорохоос урьдчилан сэргийлэх ажил хийж байгаа бөгөөд тухайлбал хүүхдүүдийн байнгын шүдэнд хамгаалалтын ломбо тавих болжээ. Энэ ажлыг хоёр дахь жилдээ явуулж байгаа талаар Б.Пүрэвдулам яриандаа дурдаж байлаа.

“Шүд эрүүл бол бие эрүүл” гэдэг. Хүн бүрийг эрүүл шүдтэй, эрүүл биетэй байлгахын төлөө Б.Пүрэвдуламын багийнхан зав багатай, бүтээмж өндөртэй ажиллаж байна.  

Холбоотой мэдээ