Завхан аймаг улсын хэмжээнд гэмт хэргийн бууралтаар тэргүүлж байна

Орон нутагт | Завхан
erdenechimeg@montsame.mn
2016-05-22 08:59:35

Монгол Улсад цагдаагийн байгууллага үүсч хөгжсөний 95 жилийн ойг тохиолдуулан Завханы Цагдаагийн газар, ХААН банкны салбартай хамтран “Амар тайван амьдралын төлөө хамтдаа” уриан дор нээлттэй хаалганы өдөрлөг зохион байгууллаа.

Өдөрлөгийн үеэр иргэд цагдаагийн алба хаагчийн үйл ажиллагаатай холбоотой санал хүсэлт гаргаж  мөн үйл ажиллагаанд ашиглаж буй техник хэрэгсэл, тоног төхөөрөмжтэй танилцах, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн лавлагаа болон жолоочийн хуучин үнэмлэх солиулах, тээврийн хэрэгсэл жолоодох эрх сэргээх  үйлчилгээ авлаа. Түүнчлэн жолоочийн бүртгэлийн оноо тооцох журмын тухай, Хууль сахиулах их сургуулийн Цагдаагийн сургуулийн элсэлтийн журамтай дэлгэрэнгүй танилцаж мэдээлэл авчээ. Мөн хувь хүний эзэмшдэг 13 галт зэвсгийг бүртгэж гэрчилгээ олгосон байна.

Дашрамд Завханы Цагдаагийн газар нь олон нийт, төр, хувийн хэвшлийн  хамтын ажиллагаа, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр олон төрлийн арга хэмжээг үе шаттайгаар уламжлал болгон шинээр санаачлан олон нийтэд хүртээмжтэйгээр тогтмол явуулдаг билээ. Тийм ч учраас Завхан аймаг улсын хэмжээнд гэмт хэргийн бууралт хамгийн өндөр буюу өмнөх оноос  27,9 хувиар буурсан үзүүлэлттэй байна. Улсын хэмжээнд өндөр үзүүлэлттэй байдаг малын хулгайн гэмт хэрэг сүүийн таван жилд тогтмол буурч илрүүлэлтээрээ улсын дундаж үзүүлэлтээс өндөр байгаа нь алба хаагчдын нөр их хөдөлмөр, сэтгэл зүрх хичээл зүтгэлтэй салшгүй холбоотойг энэ үеэр аймгийн Цагдаагийн газрын дарга онцлон мэдээллээ.

Завхан Б.Мягмарсүрэн

Холбоотой мэдээ