Хавар, намрын их цэвэрлэгээ тогтмолжсоноор эзэнгүй хог хаягдал багасаж байгаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2020-10-09 19:10:56

Завхан/МОНЦАМЭ/.Тус аймагт хавар, намрын их цэвэрлэгээнд аж ахуйн нэгж байгууллага, албан байгууллагуудыг хамруулан голын ай сав болон хот орчмын бүсэд үүссэн хог хаягдлыг цэвэрлэж  450 орчим куб/м хог хаягдлыг  төвлөрсөн хогийн цэгт дарж булах ажлыг хийсэн гэж аймгийн Хот тохижилтын газраас мэдээлэв.

Тухайлбал энэ жил Жаргалант багийн Чандмань хэсгийн эзэнгүй, ил задгай 13800м/3  хог хаягдлыг дарж булж цэвэрлэлээ. Мөн Таван чихийн амны төвлөрсөн хогийн цэгийн уулын энгэр дагуух салхинд хийсэж тархсан, гуу жалганд хуримтлагдсан 5.5 га газрын 50м3 хогийг Улиастай сумын ЗДТГ, ХТҮ албаны ажилтан албан хаагчид цэвэрлэлээ. Улиастай сумын төвлөрсөн хогийн цэгийн үерийн улмаас эвдэрсэн замыг засварлаж эзэнгүй хог хаягдлыг цэвэрлэж ачсан байна.

Мөн  2800м3 газар хайрга элсээр хучилт хийж 1.5 метрийн гүнтэй 1200м  хамгаалалтын шуудуу татаж хоёр метрийн өндөртэй далан босголоо. Хог хаягдлын тээвэрлэлт буулгалтад хяналт тавих харуулын байрыг засварлан сайжруулж замын дагуу 50 ширхэг мод тарилаа. Жинст, Богдын гол багуудын нийтийн орон сууцны гадна байрлах хог хаягдал түр хадгалах цэгийг шинэчлэн сайжруулсан байгаа. Зарим нийтийн сууцууд болон албан байгууллагуудаар долоо хоног бүр хогийн машин явж ачилтыг хийж байгаа ч эзэнгүй хог хаягдал багасахгүй байна. Ялангуяа эзэнгүй хээр, замын дагуу, гуу жалганд хогоо хаях нь элбэг байна. Жил бүр хавар намрын их цэвэрлэгээг явуулдаг болж иргэд хяналт тавьснаар зарим багуудын хог хаягдал багасаж байгаа. Харин хогоо ангилан ялгах хогийн савыг байгууллага бүр гадна талбайдаа байршуулснаар иргэдийн дадал хандлага өөрчлөгдөж байгаа сайн тал байна гэж нэмж мэдээлэв. 

Холбоотой мэдээ