Дэлхий дахинд болж буй гол үйл явдлууд

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ayanzaya@montsame.gov.mn
2020-10-16 15:00:42

ЛОНДОН. /BBC/. Европын орнуудад коронавирусний халдварт өвчин тархах хурд эрчээ авч байна. Тухайлбал, Францад нэг өдөрт халдварын 30 621 тохиолдол бүртгэгдэж, Парис болон бусад хотод хөл хорионы дэглэм үйлчилж байгаа бөгөөд эрчимт эмчилгээний тасагт сул орны тоо багасаж байна.


ОХУ-д пүрэв гарагт нэг өдрийн дотор халдварын улмаас нас барсан 286 тохиолдол бүртгэгдсэн нь тус улсад цар тахал дэгдэж эхэлснээс хойших хамгийн өндөр үзүүлэлт болжээ. Сүүлийн өдрүүдэд тус улсад өдөрт 13 мянгаас багагүй тохиолдлууд  илэрсээр байна. Аравдугаар сарын 19-нөөс Москва хотын ахлах ангийн сурагчид алсын зайн сургалтын горимд шилжих аж.


Их Британийн Лондон хотод хорио цээрийн арга хэмжээг чангатгаж, эрх баригчид хотыг өндөр эрсдэлтэй хотын ангилалд шилжүүлжээ. Өнгөрсөн пүрэв гарагт тус улсад 18.9 мянган шинэ тохиолдол бүртгэгдэв.


Бусад орнуудын хувьд:

Польш “улаан бүс”-ийн жагсаалтыг гаргасан бөгөөд үүнд Варшав багтжээ. Эдгээр бүсэд дунд сургуулиуд, бэлтгэлийн заалуудыг хаадаг байна.


Чехэд дунд сургууль, шөнийн цэнгээний газруудыг хаажээ. Тус улсад халдварт өвчтэй хүмүүсийг эмчлэхэд зориулж хээрийн эмнэлгүүдийг ашиглаж байна.


Каталонид зоогийн газруудад зөвхөн хүргэлтийн үйлчилгээ явуулахыг зөвшөөрчээ. Бэлтгэлийн заалууд, соёлын байгууллагуудад үйлчлүүлэх хүмүүсийн тоо 50 хувиас хэтрэхгүй байх ёстой аж.


Түүнчлэн Нидерландад 10 дугаар сарын 14-нөөс шөнийн цэнгээний газрууд, зоогийн газрууд, кофены газруудыг зөвхөн хүргэлт хийх боломжтой аж.  


АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөгчид

Дональд Трамп, ерөнхийлөгчид ардчилсан намаас нэр дэвшигч Жозеф Байден нар сонгогчидтойгоо нэгэн зэрэг уулзалт хийж байгааг Америкийн хоёр телевиз шууд эфирээр цацжээ. Баасан гарагт хоёр өрсөлдөгч нүүр тулсан мэтгэлцээнээр хоёр дахь удаагаа уулзах ёстой байсан хэдий ч коронавирусээр халдварласан Д.Трамп онлайн хэлбэрээр мэтгэлцээн явуулах Ж.Байдены саналыг хүлээн аваагүй учир мэтгэлцээн цуцлагдсан юм. Оронд нь зэрэг эхэлсэн телевизийн шууд дамжуулалтаас аль нь үзэгчдийн анхаарлыг илүү татах дээр хоёр өрсөлдөгч өрсөлдөхөөс өөр аргагүйд хүрчээ.

 

Карабах дахь дайн

Уулын Карабах орчимд байлдааны ажиллагаа явагдсаар байна. Талууд аравдугаар сарын 10-нд гал зогсоохоор тохиролцсон хэдий ч уг дэглэмээ сахихгүй байгаа юм.


Нийгмийн сүлжээнд нэгэн дүрс бичлэг байршуулагдсаны дараа хоригдлуудыг цаазалж байна гэж Армени Азербайжаны эрх баригчдыг буруутгажээ. Азербайжан тус бичлэгний жинхэнэ эсэхэд эргэлзэж, үүнийг өдөөн хатгалга гэж үзэхийн сацуу энэ хэргийг мөрдөн шалгахаа мэдэгджээ.


Суурин газруудад гал нээсэн хэмээн талууд бие биенээ буруутгасан хэвээр байна. Хүлээн зөвшөөрөгдөөгүй Уулын Карабахын Бүгд Найрамдах улсад дахин дэлбэрэлт болж байгаа тухай сэтгүүлчид мэдээлжээ.



Навальныйг хордуулсантай холбогдуулан ЕХ хориг арга хэмжээ авчээ

Оросын сөрөг хүчний удирдагч Алексей Навальныйг хордуулсантай холбогдуулан Оросын 6 өндөр дээд албан тушаалтны эсрэг ЕХ, Их Британи хориг арга хэмжээ авчээ. ЕХ-нд нэвтрэхийг хориглох, хөрөнгийг нь царцаах эдгээр хүний тоонд Холбооны аюулгүй байдлын албаны захирал Александр Бортников, Ерөнхийлөгчийн тамгын газрын тэргүүн дэд орлогч дарга Сергей Кириенко нар багтжээ.


Оросын эрх баригчид Навальныйг хордуулсан хэрэгт холбоотой хэмээн ЕХ үзэж байгааг няцааж, хариу арга хэмжээ авахаа мэдэгдсэн байна. 


  

Кыргызстан: ерөнхийлөгч огцорч ерөнхий сайдад бүрэн эрх нь шилжив

Жагсагчдын шоронгоос сулласан депутат асан Садыр Жапаров Киргизийн ерөнхий сайд, ерөнхийлөгчийн үүргийг гүйцэтгэхээр болжээ. Тус улсын Ерөнхийлөгч Сооронбай Жээнбеков болон парламентын дарга албан тушаалаасаа огцорсны дараа Жапаров засгийн эрхэнд гарав.


Киргизэд болсон парламентын сонгуулийн дараа олныг хамарсан эсэргүүцэл болсон юм. Сонгуулийн дүнд сөрөг хүчний нэг ч нам долоон хувийн босгыг давж чадаагүй юм. Жагсагчид засгийн газрын байрыг эзлэн авч, ерөнхийлөгчийг огцрохыг шаарджээ.


 

Холбоотой мэдээ