УНТЭ-т мэдрэл, зүрх судасны эмгэгийг эмчлэх боломжтой болов

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2020-10-19 15:30:48

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улсын Нэгдүгээр төв эмнэлэг мэдрэл, зүрх судасны эмгэгүүдийг оношлох, эмчлэх  Б-План ангиографийн тоног, төхөөрөмжийг суурилуулан үйл ажиллагаандаа шинээр нэвтрүүллээ. Мөн Мэдрэлийн эмнэлзүйн төвийн мэс заслын тасгийг шинээр нээсэн юм. 


Манай улсын эмнэлгүүдэд сүүлийн үеийн дэвшилтэт тоног төхөөрөмж дутмагаас болж иргэд гадаад руу зорьж оношилгоо, эмчилгээнд орох явдал их байсан бол одоо ЭМЯ-наас гадагшаа явах урсгалыг багасгах, эх орондоо оношилгоо, эмчилгээгээ хийлгэдэг болгох боломжуудыг бий болгож байна. Үүний нэг нь өнөөдөр УНТЭ-т шинээр ашиглалтад орж буй хамгийн сүүлийн үеийн Б-План ангиографийн тоног төхөөрөмж юм. 


Улсын хэмжээнд УГТЭ-т ангиографийн ганц аппарат байсан бол УНТЭ-т ийнхүү хамгийн сүүлийн үеийн технологийн шинэчлэлтэй програм хангамж бүхий олон үйлдэлтэй тоног төхөөрөмжийг ашиглахад бэлэн боллоо.  Ингэснээр УГТЭ-ийн ачааллыг хуваалцах, төвлөрлийг сааруулах ажил биеллээ олж, тус эмнэлгийн ачаалал нэг дахин багасах боломжтой болж байна.


Нээлтийн үеэр  Эрүүл мэндийн сайд Т.Мөнсайхан хэлэхдээ, “Улсын хэмжээнд уг аппаратаар үйлчлүүлэх шаардлагатай хүмүүс судсан доторх оношилгоо, эмчилгээг одоо УНТЭ-ээс авах боломж бүрдэж байна. Эрүүл мэндийн салбар төвлөрлийг сааруулах, чанартай хүртээмжтэй эмнэлгийн тусламж, үйлчилгээг харьяа эмнэлэг, орон нутгаасаа авдаг болох зорилт тавин ажиллаж байгаа. Мөн олон улсын стандартын шаардлага хангасан тоног төхөөрөмж ашиглан эмнэлгийн тусламж, үйлчилгээг ард иргэддээ үзүүлэх боломжтой болж, улсын хэмжээнд судсан доторх оношилгоо, эмчилгээний үйлчилгээ нэг шат ахиж байна. Түүнчлэн цаашид бид энэ үйлчилгээг УХТЭ-т нэвтрүүлнэ. Энэхүү аппаратыг мэдрэл, зүрх судасны яаралтай тусламжийн үед ашигладаг бөгөөд алсалсан аймгуудаас үйлчлүүлэгч хот руу ирэх гэж цаг алдсанаас болоод амь насанд аюул учирч болзошгүй эрсдэл байсан. Тиймээс ирэх ондоо багтажэнэхүү аппаратыг хөдөө, орон нутгийн Бүсийн оношилгоо, эмчилгээний төвүүдэд нэвтрүүлэх төлөвлөгөөтэй байна. Энэ хүрээнд хүний нөөцөө сургаж эхэлсэн. Ирэх оноос ард иргэд цаг алдалгүй орон нутагтаа энэ төрлийн тусламж үйлчилгээг авах боломжтой болно” гэдгийг онцлов.

УНТЭ-ийн ерөнхий захирал Н.Лхажий, “Энэхүү шинэ загварын хоёр рентген толгойтой аппаратыг ЭМЯ-ны санхүүжилтээр авч байна. Ингэснээр үйлчлүүлэгчийн судсан доторх болон судаснаас гадна бүхий л төрлийн ангиографийн ажилбарт оношилгоо, эмчилгээ хийх боломжтой болж байна. Түүнчлэн манай эмнэлэг мэдрэлийн мэс заслын тасгаа өнөөдөр шинээр ашиглалтад оруулж байна. Ингэснээр УГТЭ -ээс гадна манай эмнэлэг мэдрэл, зүрх судасны бүх талын эмчилгээ, үйлчилгээг үзүүлэх боломж бүрдэж байгаа юм. Одоо манай эмнэлэг зүрхний шигдээсийн нэгж, Мэдрэлийн эмнэлзүйн төв, мэдрэлийн мэс заслын тасаг гээд иж бүрэн тусламж, үйлчилгээг үзүүлнэ” гэв
Давуу тал:

Үйлчлүүлэгчдэд тодосгогч бодисын хэрэглээг бууруулна

Эмчилгээний хугацаа болон цацрагт ажиллах хугацаа хэмнэх

Эмч болон үйлчлүүлэгчдэд хүрэх цацраг туяаны ачааллыг бууруулна

Хамгийн бага цацрагийн тунгаар хамгийн орчин үенийн өндөр чанарын зураг авна

Эмнэлзүйн ач холбогдол:

Дээрхи ангиографийн кабинет нь эмнэлзүйн үйл ажиллагаанд тогтмол орсноор эмчилгээ болон оношилгооны хувьд олон давуу талууд бий болж байна.

Ангиографийн шинэ аппарат нь 20 инчийн хэмжээтэй том детектортой тул нэн ялангуяа зүрхний болон мэдрэлийн ангиографи хийх үед тухайн эрхтэн бүтэн шинжлэх боломжтой.

Үйлчлэх хүрээний хүн амд үзүүлэх тусламж үйлчилгээ:
Энэхүү аппарат нь үйл ажиллагааны болон чанарын хувьд өндөр түвшний гүйцэтгэл үзүүлснээр ард иргэдэд түргэн шуурхай, аюулгүй, хүртээмжтэй эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлэх юм.



Холбоотой мэдээ