Замын-Үүдэд төмөр замын мэргэжлийн чиглүүлэх сургалттай, математикийн гүнзгийрүүлсэн анги нээлээ

Орон нутагт | Дорноговь
erdenebulgan@montsame.mn
2020-10-20 14:50:44

Дорноговь /МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн Замын-Үүд сумын ерөнхий боловсролын лаборатори нэгдүгээр сургууль төмөр замын мэргэжлийн чиглүүлэх сургалттай, математикийн гүнзгийрүүлсэн ангитай болжээ. Энэ ажлыг Монгол-Оросын хувь нийлүүлсэн УБТЗ хувь нийлүүлсэн нийгэмлэгийн хөрөнгөөр тохижуулсан байна.

Тус ангид Замын-Үүдийн гурван сургуулийн төгсөх ангийн 25 сурагч суралцаж байгаа бөгөөд төмөр замын мэргэжлийн талаар нарийн ойлголт авч танилцахаас гадна ирээдүйд дотоод, гадаадын төмөр замын чиглэлийн их, дээд сургуульд суралцах боломж нээгдэж байна. Монгол Улсын томоохон бүтээн байгуулалт болох төмөр замын салбарыг сонирхон суралцах хүсэлтэй хүүхэд залуусын мөрөөдлийг биелүүлэхэд эл сургууль түүчээ нь болно гэж албаныхан мэдээлэв.

Замын-Үүд нь Монгол Улсын гадаад худалдаа эргэлтийн 70 гаруй хувийг дангаараа бүрдүүлдэг төдийгүй энд УБТЗ-ын харьяаны зам завсар, зүтгүүрийн, машин механизмын зэрэг олон анги байгууллага ажилладаг.

Холбоотой мэдээ