Түлэнхийн төв эмнэлгийг 12 дугаар сард барьж дуусна

Монголын мэдээ | Улс төр
ariunbold@montsame.mn
2020-10-20 16:11:40

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ Монгол, Кувейтын Засгийн газрын комиссын даргын хувиар Кувейт Улсын Элчин сайд Мухаммед Аль-Мутайриг хүлээн авч уулзлаа.


Уулзалтын эхэнд тус улсын 15 дахь Эмир Шейх Сабах Аль-Ахмад Аль-Жабер Аль-Сабах өнгөрсөн есдүгээр сарын 29-нд 91 насандаа таалал төгссөнд ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ эмгэнэл илэрхийлэв. Тус улсын 15 дахь Эмир хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсныг онцолсон юм. Түүнчлэн Кувейтын 16 дахь Эмир Шейх Наваф Аль-Ахмад Аль-Жабер Аль-Сабахад ажлын амжилт хүсээд цаашид идэвхитэй хамтран ажиллана гэдэгт итгэж буйгаа илэрхийлэв.


Хоёр орны Засгийн газар ирэх дөрвөн жилд хэрхэн хамтран ажиллах талаарх асуудлыг уулзалтын үеэр түлхүү хөндсөн бөгөөд Кувейтын сангийн зээл, тусламжаар Монголд хэрэгжүүлж буй төслүүдийн талаар ярилцлаа. Тухайлбал, тус сангийн буцалтгүй тусламжаар Түлэнхийн төв эмнэлгийг барьж байгаа бөгөөд 95 хувьтай үргэлжилж байна. Уг төвийн барилгыг 12 дугаар сард дуусах юм.


Хоёр орны  дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ой энэ онд тохиож байгаа боловч дэлхий нийтийг хамарсан “COVID-19”-ийн улмаас хамтран хэрэгжүүлэхээр төлөвлөөд байсан олон ажил хойшлоод байгаа юм. Гэхдээ төлөвлөсөн ажлыг бодит ажил болгоход цаашид хоёр орны Засгийн газрын түвшинд идэвхтэй хамтарч ажиллах хэрэгтэй гэдэгт талууд санал нэгдэв.


Түүнчлэн хоёр орны Засгийн газрын хамтын ажиллагаа, эдийн засгийг харилцааг идэвхжүүлэх, Кувейтын хөрөнгө оруулалтыг Монгол Улс руу татах, Монголын бараа, бүтээгдэхүүнийг Кувейт болон Булангийн орнуудын зах зээлд гаргахад дэмжих, хамтын ажиллагаатай холбоотой аливаа санал, санаачилга, боломжуудыг ирэх дөрвөн жилд бодит ажил болгоход талууд анхаарал хандуулахаар боллоо.

Холбоотой мэдээ