Зеленский Донбассыг эргэн нэгтгэсний дараах шилжилтийн үеийн тухай багц хууль боловсруулж буйг мэдэгдэв

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2020-10-20 17:17:32

КИЕВ. /Ukrinform/. Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский мягмар гарагт Дээд Рада буюу тус улсын парламентад улс орныхоо дотоод болон гадаад байдлын талаарх жил тутмын илгээлтээ тавих үеэрээ Донбассыг эргэн нэгтгэсний дараах шилжилтийн үеийн тухай багц хуулийг боловсруулж буйг мэдэгджээ. 


"Бид Донбассыг нэгтгэсний дараах шилжилтийн үеийн багц хуулийг боловсруулж байна" гэж Зеленский хэлсэн байна.


Түүний хэлснээр, багц хуулиудын дунд мөн өршөөлийн хууль байгаа аж. “Гэхдээ өршөөлийн хууль нь зөвхөн “гараа цусанд дүрээгүй” хүмүүст үйлчилнэ” гэж Украины Ерөнхийлөгч цохон тэмдэглэжээ.


Зеленский нэмж хэлэхдээ, "өршөөл гэдэг үгнээс эмээх шаардлагагүй" гэдгийг онцлов. "Өршөөл нь хүн болгонд, мөн хариуцлагаас мултрахад зориулагдаагүй, харин гартаа цусгүй төдийгүй одоо эзлэн түрэмгийлэгчдэд барьцаалагдсан байгаа манай сая сая иргэнд зориулагдсан юм. Тэдэнд тодорхой дохио хэрэгтэй байна. Айх хэрэггүй. Зохистой ирээдүй бол зөвхөн Украинтай холбоотой" гэж Украины Ерөнхийлөгч мэдэгдсэн байна. 


Тэрбээр мөн Донбассын нутаг дэвсгэрийн Киевийн хяналтад байдаг хэсэгт татвар, гаалийн хөнгөлөлт үзүүлэхийг уриалжээ.


Холбоотой мэдээ