Сонирхогчдын дунд дугуйн уралдаан зохион байгуулав

Орон нутагт | Дундговь
altantogos888@gmail.com
2020-10-20 20:33:16
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн БТСГ-аас сонирхогчдын дунд засмал замын дугуйн тэмцээнийг өнгөрсөн ням гарагт Мандалговь хотноо зохион байгуулжээ.

Тус тэмцээнд 19 сонирхогч оролцсон ба оролцогчид залуучуудын эрэгтэй, эмэгтэй болон ахмадын гэсэн төрлөөр өрсөлдөж, залуучуудын эрэгтэй төрөлд долдугаар багийн иргэн О.Өсөхбаяр, наймдугаар багийн иргэн Б.Дүүрэнбаяр, “Мандал” сургуулийн тамирчин Г.Лхасүрэн нар найман км зайд уралдан хошуучилж ирсэн бол эмэгтэй төрөлд “Мандал” сургуулийн тамирчин Э.Нарангэрэл, Мэдээлэл холбооный сүлжээ ТӨК-ийн тамирчин Ө.Энхжаргал, Нэдсэн эмнэлгийн тамирчин Ө.Мөнгөнхундага нар дөрвөн км зайд уралдан тэргүүн байрт шалгарчээ.

Харин ахмадын төрөлд өрсөлдөгчид зургаан км зайд уралдаж, БТСГ-ын тамирчин Б.Дашбилэг, наймдугаар багийн иргэн Б.Болдбаатар, гуравдугаар багийн иргэн А.Алтангэрэл нар бусдыгаа хошуучилсан байна.

Сонирхогчдын дунд зохион байгуулсан энэхүү тэмцээн нь иргэдийн чөлөөт цагийг зөв өнгөрүүлэх, нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх, дугуй унахын ач холбогдлыг иргэдэд ойлгуулан таниулах зорилготой ажээ.

Сүүлийн жилүүдэд Сайнцагаан суманд үйл ажиллагаа явуулдаг байгууллагууд гаднаа дугуйн зогсоол хийж, дугуйн зам байгуулж байгаа нь дугуй унадаг иргэдийн тоог нэмэгдүүлэхэд чиглэж байгаа юм.

Дугуй унах нь стресс, ядаргааг тайлдаг ба зүрх, уушгины ажиллагааг сайжруулах, чихрийн шижин, цусны даралт нэмэгдэхээс урьдчилан сэргийлэх, илүүдэл жинг багасгах, хөл, гарын ажиллагааг сайжруулах ач холбогдолтой төдийгүй, байгальдаа болон нийгэмд маш их ач тустай унаа гэдгийг мэргэжлийн байгууллагууд тайлбарлан таниулдаг ажээ.

Энэхүү тэмцээнийг Мобиком корпорацийн Дундговь дахь салбар болон “Ган илч” ХХК ивээн тэтгэн оролцжээ. 

Холбоотой мэдээ