Завханд хүнсний эрхийн бичгээр үйлчлүүлдэг өрхийн тоо буурчээ

Орон нутагт | Завхан
myagmarsuren@montsame.mn
2016-05-23 22:27:14

Багц мэдээ

Завхан аймагт хүнсний дэмжлэг туслалцааны  үйлчилгээг 24 сумын 28 дэлгүүр үзүүлж байна.

Эдгээр дэлгүүрүүд нь  хүнс тэжээлийн дэмжлэг туслалцаа зайлшгүй шаардлагатай 275 өрхөд хүнсний эрхийн бичгээр үйлчлэх гэрээ байгуулан ажиллаж буй юм.  Эдгээр дэлгүүрүүд нь амархан муудах болон лаазалсан, согтууруулах ундаа зэрэг долоон нэр төрлийн бүтээгдэхүүнүүдийг эрхийн бичгээр огт олгохгүй байх заалттай юм.

Сонирхуулахад сонгогдсон өрхийн гишүүдийн 804  нь хүүхэд  байгаа бөгөөд 114 өрх нь 2013 оноос тасралтгүй гурван жил энэ үйлчилгээнд хамрагдаж байсан өрхүүд байна. Харин өнгөрсөн жилээс хүнсний эрхийн бичгээр үйлчлүүлдэг өрхийн тоо 14-өөр буурсан байна.

92 аж ахуйн нэгж  бүтээгдэхүүн, үйлчилгээндээ тохирлын үнэлгээ авчээ

Завхан аймгийн Стандартчилал хэмжил зүйн хэлтэс сумдад ажиллаж баталгаажуулалт үнэлгээ хийжээ.

Тодруулбал 2016 оны ээлжит баталгаажуулалт, үнэлгээ магадлан хяналт хийх төлөвлөгөө, графикийн дагуу баталгаажуулалтын шинжээч, улсын шалгагч нар Яруу, Цэцэн-Уул, Сантмаргац, Сонгино, Баянтэс, Тэс гэх мэт хойд чиглэлийн 10 сумд ажилласан байна.  Тэд эдгээр сумдад үйл ажиллагаа явуулж буй үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэгчдийн бүтээгдэхүүн, үйлчилгээнд тохирлын үнэлгээ, магадлан хяналт хийж тохирлын гэрчилгээний хугацааг сунгах, олгох ажлыг хийжээ. Мөн үеэр 178  хэмжүүр хэмжих хэрэгслийг ээлжит баталгаажуулалтанд хамруулсан байна. Сонирхуулахад Завханы хойд чиглэлийн 10 сумд үйлдвэрлэл үйлчилгээ эрхэлдэг 112 ААН  байдаг байна. Эдгээрийн 92 нь бүтээгдэхүүн үйлчилгээндээ тохирлын үнэлгээ авчээ.

Асгатад иж бүрэн Эрүүл мэндийн төв ашиглалтад оржээ

Завханы Асгат сум энэ жил ОНХС хөрөнгө оруулалтаар 23 сая төгрөгний төсөвтэй интернэтийн сүлжээг оруулаад байна.

Мөн 25 сая төгрөгний өртөгтэй нийтийн зочид буудал барихаар төлөвлөж үнэлгээний хороо байгуулан, тендерт оролцогсдод тендерийн урилга хүргээд буй юм. Энэ жил сум хөгжүүлэх сангийн санхүүжилт орж ирээгүй, төлөвлөсөн ажил ч урагштай явахгүй байгааг сумын удирдлагууд мэдээлж байна. Харин өнгөрсөн жил тус сумд улсын төсвийн  /нэг тэрбум 13 сая төгрөгний өртөгтэй/ хөрөнгө оруулалтаар 10 ортой Эрүүл мэндийн төв ашиглалтанд оржээ. Энэ төв нь эмчийн байр, автомашины граж, уурын зуухны барилга, анатоми, эмгэг судлалын өрөө гэхчлэн иж бүрэн төв ажээ. Энэхүү төвийг орон нутгийн компани болох н.Буянтогтох захиралтай “Алтан харш” ХХК барьж дуусган ашиглалтанд оруулжээ.  ОНХС-аар төсөвлөгдсөн 53.3 сая төгрөгөөс 45.0 сая төгрөгийн санхүүжилт суманд ирж, орон нутгийн нийтийн зориулалттай барилга байгууламжийн засвар,  үйлчилгээ хийх, тоног төхөөрөмж, эд хогшил бэлтгэх, хайгуул  шинжилгээ, судалгааны зэрэг ажилд зарцуулагдсан байна. Ер нь сум хөгжүүлэх сан, орон нутгийг хөгжүүлэх сангийн хөрөнгө мөнгө орон нутагтаа төлөвлөсөн олон ажлыг хийхэд зарцуулагддаг болохоор сангийн хөрөнгө оруулалтыг цаг тухай бүр нь шийдэж өгч байвал их зүгээр юм хэмээн нутгийн иргэд ч ам сайтай байна.

Өрхийн амьжиргааны түвшингийн судалгааг шинэчилж бүртгэлээ

Завхан аймагт өрхийн амьжиргааны түвшинг тодорхойлох  судалгааг шинэчилж 17458 өрхийг хамруулжээ.

Энэ нь нийт судалгаанд хамрагдвал зохих өрхийн  98,9 хувийг эзэлж байна. Түүнчлэн энэхүү судалгааг он гарсаар дахин авч цахимжуулах хугацаанд   нийт 8800 гаруй алдаа байсныг төрлөөр нь ангилж ахин бүртгэл явуулсан байна. Тухайлбал  регистерийн давхардлын алдаа, алдаатай регистер, боловсрол, хүйсийн алдаа 50 хувийг эзэлж байсныг хянан засварласны үр дүнд  судалгааны ажлыг цахимжуулаад буй юм.

 

Завхан Б.Мягмарсүрэн

Холбоотой мэдээ