Тэтгэврийн тухай хэлэлцээр байгуулах шинжээчдийн 5 дахь хэлэлцээ цахимаар болов

Монголын мэдээ | Нийгэм
oyundelger@montsame.gov.mn
2020-10-21 18:03:40

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Сovid-19” цар тахлын улмаас хойшлоод байсан Монгол Улс, Бүгд Найрамдах Казахстан улсын Засгийн газар хооронд тэтгэврийн тухай хэлэлцээр байгуулах шинжээчдийн ажлын багийн 5 дахь хэлэлцээг өчигдөр цахимаар хийлээ.

Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техник, соёлын хамтын ажиллагааны тухай хоёр орны Засгийн газар хоорондын комиссын 7 дугаар хуралдааны мөрөөр хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөнд Тэтгэврийн тухай хэлэлцээр байгуулахаар тусгасны дагуу Улаанбаатар болон Нур-Султан хотноо өмнө нь дөрвөн удаа хэлэлцээ хийсэн.

Тэтгэврийн тухай хэлэлцээр байгуулснаар хоёр улсын иргэдийн нийгмийн хамгааллын баталгааг хангахад чухал үүрэг гүйцэтгэхийг Бүгд Найрамдах Казахстан Улсын Хөдөлмөр, хүн амын нийгмийн хамгааллын сайд Нурымбетов Биржан Бидайбекулы онцлов.

ХНХ-ын сайд А.Ариунзаяа, Монгол Улсын Засгийн газар иргэдийн нийгмийн баталгааг хангах, нийгмийн даатгалын тогтолцоог шинэчлэх, ахмад настан бүрт суурь тэтгэвэр олгох, олон давхаргат тэтгэврийн тогтолцоонд шилжих зорилт тавьсан. Нийгмийн даатгалын багц хуулийн шинэчлэлийг боловсруулж 2020 оны намрын чуулганы хуралдаанаар хэлэлцүүлнэ” гэдгийг дурдлаа.

Цахим уулзалтаар хэлэлцээрийн зүйл заалт тус бүрээр үргэлжлүүлэн хэлэлцэж, дараагийн цахим хэлэлцээг зохион байгуулах хүртэл хоёр тал төсөл дээр ажиллаж, санал, мэдээллээ дипломат шугамаар солилцохоор тохиролцов. Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техник, соёлын хамтын ажиллагааны тухай Монгол, Казахстаны Засгийн газар хоорондын комиссын ээлжит 8 дугаар хуралдааныг 11 дүгээр сард зохион байгуулна. Мөн 12 дугаар сарын эхний хагаст Тэтгэврийн тухай хэлэлцээр байгуулах ажлын хэсгийн 6 дахь хэлэлцээг цахим хэлбэрээр хийхээр болов. 

Холбоотой мэдээ