Цар тахлын үед хөдөлмөр эрхлэлтийг дэмжиж 20 сая ам.доллароор санхүүжүүлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
munkhbaatar@montsame.gov.mn
2020-10-21 18:32:21
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар, Монгол Улс, Олон улсын хөгжлийн ассоциац хооронд байгуулах Онцгой байдлын үеийн дэмжлэг болон хөдөлмөр эрхлэлтийн төслийн санхүүжилтийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг батлахыг дэмжив. 


COVID-19 цар тахалтай холбогдуулан Монгол Улсын Засгийн газраас авч хэрэгжүүлж буй эдийн засгийг эрчимжүүлэх багц арга хэмжээний хүрээнд "Онцгой байдлын үеийн дэмжлэг болон хөдөлмөр эрхлэлтийн төсөл”-ийг Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн ассоциацын санхүүжилтээр 2020-2023 оны хооронд хэрэгжүүлэхээр тохиролцоод байгаа аж.


Төслийн гол зорилго нь дотоодын ажил горилогч болон бичил бизнес эрхлэгчдийн хөдөлмөрийн зах зээлд нэвтрэх боломж, гарцыг өргөжүүлэх, хөдөлмөр эрхлэгчдэд COVID-19 цар тахлын хямралыг даван туулахад дэмжлэг болоход чиглэх юм байна. Уг төсөл нь харилцагч төвтэй төрийн хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээг дэмжих замаар мэдээллийн хомс байдал болон хөдөлмөрийн зах зээлийн ил тод байдлын хязгаарлагдмал байдлаас үүдэн ажил хайхад тулгардаг хүндрэлүүдийг шийдвэрлэх; хөдөлмөрийн зах зээлийн идэвхтэй хөтөлбөрүүдийг бэхжүүлэх, цар тахлын хариу арга хэмжээний хүрээнд шаардлага хангасан иргэн, аж ахуйн нэгжид арилжааны банкаар дамжуулан түр хугацааны дэмжлэг олгох зэрэг үндсэн дөрвөн хэсгээс бүрдэх аж. Төслийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам хэрэгжүүлж, төсөл хэрэгжүүлэгч нэгжээр тус яамны харьяанд Дэлхийн банкны санхүүжилтээр хэрэгжүүлж байгаа “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл”-ийн нэгж ажиллах юм байна.


Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн ассоциацаас олгох 20 сая ам.долларын энэхүү хөнгөлөлттэй зээл нь жилийн 1.25 хувийн хүүтэй, хөрөнгө нөөцлөн баталгаажуулсны шимтгэл 0.5, үйлчилгээний хураамж 0.75 хувь, зээлийг эргэн төлөх хугацаа 30 жил, үүнээс эхний 5 жилд үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх нөхцөлтэй юм.


Санхүүжилтийн хэлэлцээрийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Н.Энхболд нар Сангийн сайд болон ажлын багаас асуулт асууж тодруулан УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг, Х.Баделхан, Т.Доржханд, Д.Цогтбаатар, Б.Баттөмөр нар үг хэлж байр сууриа илэрхийлэв. Үг хэлсэн гишүүдийн ихэнх нь санхүүжих хэлэлцээрийг соёрхон батлахыг дэмжиж буйгаа илэрхийлээд, коронавирусний цар тахлын энэ үед дэлхий дахины болон дотоодын нөхцөл байдалд үнэлэлт, дүгнэлт хийж, эрсдэлийг зөв тооцсоны үндсэн дээр урт хугацаатай, бага хүүтэй зээлийн эх үүсвэрийг ашиглах, өрийн менежментийг зөв хийх нь чухал байгааг онцолж байлаа.


Ингээд санал хураахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь санхүүжилтийн хэлэлцээрийг соёрхон батлахыг дэмжиж, санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо.

Холбоотой мэдээ