“Сантхаан” ХХК-ийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгов

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
boloroo8136@gmail.com
2020-10-22 15:49:27

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн Засаг даргын 2020 оны 10 дугаар сарын 9-ний захирамжаар Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт газар эзэмшигч “Сантхаан” ХХК-ийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болголоо.

Тус ХХК нь эрх бүхий байгууллагаас баталсан зураг төслийг өөрчлөн барилга байгууламж барьсан, Барилгын болон газрын тухай хууль тогтоомж, газар эзэмших гэрээгээр хүлээсэн үүргээ тус тус зөрчсөн, бусдын газар эзэмшихтэй холбогдсон эрх, хууль ёсны ашиг сонирхолд сөргөөр нөлөөлсөн тул газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүйд тооцжээ.  

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх 2020 оны 9 дүгээр сарын 29-нд Үндэсний төв номын сангийн барилга угсралтын ажлын явцтай танилцах үеэрээ Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны 12а, 12б байрны 240 гаруй өрхийн 1000 гаруй оршин суугчийн төлөөлөлтэй уулзсан юм.

Энэ үеэр Үндэсний төв номын сангийн барилга болон 12а, 12б орон сууцны байрны дунд 16 давхар орон сууцны барилгыг 2019 оны 7 дугаар сараас барьж, угсралтын ажил 4 дүгээр давхар хүртэл үргэлжилсэн талаар иргэд гомдол гаргасан.

Барьж буй барилга нь номын сан болон иргэдийн оршин сууж буй орон сууцны барилгаас 7 метр зайтай, орох гарах гарц хаасан, байгалийн гэрэл тусах боломжгүй, үзэгдэх орчин хязгаарласан, хүүхдийн тоглоомын талбай, авто зогсоол байгуулах боломжгүй зэрэг сөрөг нөхцөл үүссэн байна.

Үүний дагуу Ерөнхий сайд нөхцөл байдалтай газар дээр нь танилцан орон сууцны барилгын норм, стандарт зөрчсөн байж болзошгүй байдлын талаар судалж, шийдвэрлэх гарц олохыг нийслэлийн удирдлагуудад үүрэг болгосон юм.

Ерөнхий сайдын өгсөн үүргийн дагуу нийслэлийн Хууль зүйн хэлтэс, Хот байгуулалт, хөгжлийн газар, Газар зохион байгуулалтын алба газар дээр нь ажиллан, тус барилгыг зогсоох шийдвэр гаргаж байсан юм. Учир нь тус барилгыг нэг тал руугаа 10 метр сунгасан хэлбэртэй барьсан нь оршин суугчдын эсэргүүцэлтэй тулгарсан, норм, дүрэм стандартыг зөрчсөн байгааг хотын Стандарт, орчны аюулгүй байдлын хяналт зохицуулалтын газраас тогтоожээ.

Тухайн барилгын газрыг 2004 онд дүүргээс олгосон бөгөөд “Сантхаан” ХХК шат шатандаа  сунгалтаа хийлгэж байсан ч Ерөнхий төлөвлөгөөний газраас баталж өгсөн архитектур төлөвлөлтийн даалгаврын дагуу бариагүй ноцтой зөрчил илэрсэн байна.


Холбоотой мэдээ