Анхдугаар хуралдаан түр завсарлаад байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2020-10-26 13:51:01

Увс /МОНЦАМЭ/. Аймгийн ИТХ-ын 8 дахь удаагийн сонгуулийн анхдугаар хуралдаан өнөөдөр болж байна. Орон нутгийн 8 цаг 30 минутаас хурал эхлэх товтой байсан ч хуралдааны танхимд 5 бие даагч л цагтаа ирсэн юм. Хоёр цагийн дараа МАН-ын 17 төлөөлөгч, түүнээс 30 минутын дараа АН-ын 19 төлөөлөгч хүрэлцэн ирснээр хурлын ирц 100 хувь бүрдэж, аймгийн Сонгуулийн хорооноос мэдээлэл хийн төлөөлөгч нарын бүрэн эрхийг баталгаажууллаа. Анхдугаар хуралдааныг төлөөлөгч нараас хамгийн өндөр настай нь болох АН-аас сонгогдсон Б.Цэцээ удирдаж байна.

Одоогоор хуралдаан 14 цаг 30 минут хүртэл түр завсарлага аваад байна. Энэ удаагийн аймгийн ИТХ-д АН, МАН гэсэн хоёр намаас гадна бие даагчид олноор орж ирсэн тул асуудлыг шийдвэрлэхэд амаргүй байна. Иймээс хэлэлцээрийн ширээний ард сууцгаая гэсэн саналыг гурван талаас гаргалаа.

Өнөөдрийн хуралдаанаар аймгийн ИТХ-ын төлөөлөгчдийн бүрэн эрхийг баталгаажуулах, аймгийн ИТХ-ын дарга сонгож, батлах, аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийг сонгож, батлах, аймгийн Засаг даргад нэр дэвшүүлэх, аймгийн ИТХ-ын хороодыг байгуулах тухай асуудлыг тус тус хэлэлцэж шийдвэрлэнэ. 

Холбоотой мэдээ