Зам тээврийн осол өнгөрсөн оны мөн үеийнхээс 2,2 дахин нэмэгджээ

Орон нутагт | Булган
batjargal@montsame.mn
2020-10-27 12:16:58

Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн хэмжээнд бүртгэгдсэн зам тээврийн нийт осол өнгөрсөн оны мөн үеийнхээс 2,2 дахин нэмэгдэхэд хоёр хүчин зүйл нөлөөлсөн гэж цагдаагийнхан үзэж байна.

Энэ онд нийслэлээс тус аймгаар дамжин өнгөрөх тээврийн хэрэгслийн хөдөлгөөн гурав дахин нэмэгдсэн, албан журмын даатгалын холбоотой байгуулсан гэрээний дагуу зам тээврийн ослын бүх тохиолдлыг бүртгэж, буруутай жолооч нарт зөрчлийн хуулиар арга хэмжээ авсны дараа даатгалын тодорхойлолт олгодог болсон нь ослын тоо нэмэгдэхэд нөлөөлсөн талаар аймгийн замын цагдаагийн тасгийнхан тайлбарлалаа.

Тус аймагт энэ оны эхний есөн сарын байдлаар зам тээврийн осол, хэргийн шинжтэй 103 гомдол мэдээлэл бүртгэгджээ. Зам тээврийн 34 хэрэг гарч, 46 хүн гэмтэж, 8 иргэн нас барсан аж. Аймгийн цагдаагийн газрын замын цагдаагийн тасаг “Орон нутгийн зам-хөдөлгөөний соёл” нэгдсэн арга хэмжээ зохион байгуулан 47,5 мянган тээврийн хэрэгсэл шалгаж, 9,5 мянган зөрчил илрүүлэн арга хэмжээ тооцжээ. Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, хамгаалах бүс хэрэглээгүй, бүрэн бус тээврийн хэрэгсэлтэй зорчсон, хурд хэтрүүлсэн зэрэг зөрчлийг иргэд, жолооч нар байнга гаргаж байгааг замын цагдаагийнхан анхаарууллаа.

Холбоотой мэдээ