Гэр хорооллын 5200 өрхийн шөнийн цахилгааны төлбөрийг хөнгөлнө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2020-10-27 16:39:25

Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймгийн Жаргалант сум 33 мянга гаруй хүн амтай бөгөөд гэр хорооллын бүсэд 5200 айл өрх оршин суудаг.  

Иймээс агаарын бохирдлыг бууруулах зорилтын дагуу цахилгаан эрчим хүчний үнэ тарифыг хөнгөлөлттэй үнээр нийлүүлэх тухай саналыг холбогдох байгууллагад уламжилж байсан. Улмаар энэ оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн гэр хорооллын бүсэд оршин суугаа айл өрхийн шөнийн цахилгааны төлбөрийг 100 хувь хөнгөлөх боломж бүрджээ.

Агаарын бохирдлыг бууруулахын тулд гэр хорооллын айл өрхийг цахилгаанаар халаалт, дулаанаа шийдэхийг дэмжсэн Засгийн газрын энэ шийдвэр Ховд аймгийн төв буюу Жаргалант суманд бүрэн хэрэгжих ёстой. Ингэснээр иргэд хашаандаа тохилог амьдрах бас нэг шинэ боломж нээгдэнэ гэж албаны эх сурвалж онцлов.  

Шөнийн цахилгааны хөнгөлөлт  11 дүгээр сарын 01-ний өдрөөс ирэх оны дөрөвдүгээр сарын 01-ний өдөр хүртэлх хугацаанд оройн 21:00 цагаас өглөөний 06.00 цагийн хооронд үйлчлэх юм. 

Холбоотой мэдээ