Сэлэнгэ аймгийн хөвгүүдийн баг нэг ч хожигдолгүй улсад тэргүүлжээ

Орон нутагт | Сэлэнгэ
otgontsetseg@montsame.mn
2020-10-29 08:50:07

Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Багш Ж.Мөнхбаяр дасгалжуулагчтай Сэлэнгэ аймгийн хөвгүүдийн баг өсвөр үеийн улсын аварга шалгаруулах волейболын тэмцээнээс нэг ч хожигдолгүй аварга болсон амжилтыг үзүүлжээ.  

Тус багийн дасгалжуулагч, багш Ж.Мөнхбаяр өсвөрийн улсын аваргын “Шилдэг дасгалжуулагч”-аар, багийн гишүүн М.Уранбаяр “Шилдэг холбогч”-оор, Б.Санжмятав “Шилдэг хамгаалагч”-аар тус тус шалгарчээ.

2020 оны өсвөр үеийн улсын аварга шалгаруулах волейболын тэмцээнд 18 аймаг, Улаанбаатар хотын дүүргүүдээс нийт 65 багийн 700 гаруй шилдэг тамирчин оролцож, шилдгүүдээ тодруулсан байна. Тэмцээнд өсвөрийн шилдэг хөвгүүдийн 30, охидын 35 баг оролцож, ур чадвар, авхаалж самбаагаараа  сорин өрсөлджээ.

Монгол Улсын спортын мастер, дасгалжуулагч  А.Ёндоншаравын нэрэмжит 2020 оны өсвөр үеийн улсын аварга шалгаруулах волейболын тэмцээн энэ сарын 21-27-ны өдрүүдэд Завхан аймагт болсон байна. Тэмцээнийг Завхан аймгийн Засаг даргын Тамгын газар, Монголын волейболын спортын холбоо хамтран волейболын спортын мастер, олон улсын дасгалжуулагч А.Ёндоншаравын нэрэмжит болгон түүний төрсөн нутагт нь зохион байгуулжээ.  

Холбоотой мэдээ