Төмөр замчид БНСУ-ын туршлагаас суралцаж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
192@montsame.mn
2020-10-29 15:28:05

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улс, БНСУ-ын дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ойг тохиолдуулан БНСУ-ын “Солонгосын Үндэсний төмөр зам” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Ким Санг-Гюүнь хоёр орны төмөр замын хамтын ажиллагаанд сэтгэл дүүрэн байгаагаа илэрхийлж, Монголын төмөр замчдад цахимаар мэндчилгээ дэвшүүлэв. 


Хоёр орны төмөр замчдын хамтын ажиллагааны хүрээнд Монголын төмөр замчдыг мэргэшүүлж, чадавхжуулах сургалтыг зохион байгуулж байгааг онцоллоо.


Тэрээр 2008-2011 онд "Солонгосын Үндэсний төмөр зам" ТӨХК-ийн дэд захирлын албан тушаалыг хашиж байх хугацаандаа тухайн үеийн Монгол Улсын Зам тээврийн сайдаар ажиллаж байсан, өнөөгийн Ерөнхийлөгч Х.Баттулгатай хамтран хоёр орны төмөр замын хамтын ажиллагааг анх эхлүүлж байсныг дурсан, төмөр замын салбар дахь хамтын ажиллагаа Монгол Улс дахь төмөр замын бүтээн байгуулалтуудаар дамжин улам өргөжнө гэдэгт илтгэлтэй байгаа илэрхийлэв.   


“Солонгосын Үндэсний төмөр зам” ТӨХК нь “Монголын төмөр зам” ТӨХК-ийн хэрэгжүүлж буй “Шинэ төмөр зам” төсөлд Монгол дахь суурин төлөөлөгчийн газраараа дамжуулан технологийн зөвлөх үйлчилгээ үзүүлдэг. “Монголын төмөр зам” ТӨХК болон “Солонгосын Үндэсний төмөр зам” ТӨХК-иуд 2019 оны тавдугаар сард “Харилцан ойлголцлын санамж бичиг”-т гарын үсэг зурж баталгаажуулснаар, хамтын ажиллагаагаа эхэлсэн юм.


БНСУ-ын Гадаад худалдааны агентлаг болон тус улсын “Солонгосын Үндэсний төмөр зам” ТӨХК хамтран энэ сарын 28-29-нд Монгол Улсын төмөр замын салбарын мэргэжилтнүүдэд зориулсан сургалтыг гурав дахь удаагаа зохион байгуулж байна.

Энэ удаагийн сургалт төмөр замын салбарын дэлхийн норм, стандартыг боловсруулах, төслийн удирдлага, санхүүг зохицуулах, галт тэрэгний хөдөлгөөний удирдлага болон систем, цахилгаан төмөр замын систем, үйл ажиллагаа, “LRT” буюу хөнгөн галт тэрэгний үйл ажиллагаа зэрэг илүү нарийн агуулгыг хамарч байна. Өмнөд Солонгосын мэргэжилтнүүдээс туршлага судлах энэ удаагийн сургалтад Монголын төмөр замын 40 гаруй мэргэжилтэн хамрагдаж байна.  "COVID-19"-ийн цар тахлын улмаас сургалтыг цахим хэлбэрээр зохион байгуулж байна.

“Солонгосын Үндэсний төмөр зам” ТӨХК өнөөдрийн байдлаар АНУ, БНХАУ, БНЭУ тэргүүтэй дэлхийн 18 оронд төмөр замын 59 төслийг хэрэгжүүлж байна. Нийт 2000 гаруй ажилтан, албан хаагчтай, 100 хувь төрийн өмчит тус компани нь төмөр замын барилга угсралт, төмөр замын байгууламж, менежмент, төмөр зам болон өртөө орчмын бүс нутгийг хөгжүүлэх, сургалт зохион байгуулах, төмөр замын бодлого төлөвлөлт, хөрөнгө оруулалтын хөтөлбөр, аюулгүй байдлын журам, төмөр замын технологийн судалгаа, хөгжүүлэлт, зөвлөх үйлчилгээ зэрэг чиглэлээр төмөр замын салбарт, дэлхийн хэмжээнд цогц үйл ажиллагаа явуулдаг байна. 


Холбоотой мэдээ