Үйлчилгээний газруудыг QR код бүхий наалттай болгож байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2020-10-29 16:47:08

Дорнод /МОНЦАМЭ/. Татварын хэлтсээс аймгийн төвийн худалдаа үйлчилгээний газруудыг QR код бүхий наалттай болгохоор ажиллаж байна.

Худалдан авагчид харагдахуйц газарт тухайн талбай, үйлчилгээний төв болон татвар төлөгчтэй харилцан тохиролцсоны дагуу долоон төрлийн наалтыг нааж байгаа юм. Тухайн үйлчилгээ эрхлэгч өөрөө хүсвэл пос машин, гар утас, хэвлэх төхөөрөмж дээрээ код наалгах боломжтой гэв. Харин боломжгүй газруудад энгэрийн тэмдэг, жааз, самбарт нааж болох талаар татвар төлөгчдөд зөвлөгөө үйлчилгээ үзүүлж байна. Тухайлбал, махны зах дээр байнга угааж арчиж, ариутгал хийж байдаг учир код бүхий наалт наах нь тохиромжгүй. Тиймээс энгэрийн тэмдэг байдлаар зүүж өгөх нь тохиромжтой аж. Гоёл чимэглэлийн худалдаа эрхлэгч иргэн Д.Заяа: “Энэхүү наалтыг наасан нь үйлчилгээг түргэвчилж байна. Иргэд утсаараа шууд уншуулах боломжтой. Аль аль талдаа цаг хугацаа хэмнэж байна. Ер нь иргэд хялбаршуулсан энэ баримтын талаар мэдээлэл сайтай байна” гэлээ.

Энэхүү QR наалтыг иргэд утсан дээрх и-баримт аппликейшн рүү ороод уншуулахад автоматаар бүртгэгдэх юм.

Холбоотой мэдээ