БНСУ, Монгол Улс 2021 оноос татвараа бууруулна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
khulan@montsame.gov.mn
2020-10-30 13:35:44

СЭЖОН. /Yonhap/. Монгол Улс Ази, Номхон далайн худалдааны хэлэлцээрт /АРТА/ нэгдсэнтэй холбоотойгоор БНСУ, Монгол ирэх оноос зарим бараа бүтээгдэхүүний татварыг бууруулна гэж БНСУ-ын Сангийн яам өнөөдөр мэдээллээ.


“Хэлэлцээрийн дагуу БНСУ 2797 нэр төрлийн бүтээгдэхүүний татварыг дунджаар 33.4 хувиар бууруулах бол Монгол Улс 366 нэр төрлийн бүтээгдэхүүний татварыг дунджаар 24.2 хувиар бууруулна” гэж Сангийн яамны мэдэгдэлд тэмдэглэжээ.


Монгол Улс Ази, Номхон далайн худалдааны хэлэлцээрт нэгдсэн явдал хоёр орны худалдааны харилцааг өргөжүүлэхэд хувь нэмрээ оруулах төлөвтэй байна гэж тус яам мэдээлжээ.


Одоогийн байдлаар Монгол Улс нь зөвхөн Япон улстай хоёр талын чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулаад байгаа юм.


Ази, Номхон далайн худалдааны хэлэлцээрт БНСУ-аас гадна БНХАУ, Лаос, Бангладеш, Шри-Ланка, Энэтхэг нэгджээ.


Энэхүү хэлэлцээрийг 1975 онд байгуулсан бөгөөд БНХАУ 2011 онд нэгдсэн байна. 

Холбоотой мэдээ