“Инженер, технологийн дээд боловсрол” төслийн хүрээнд энэ онд 36 оюутан ажлын байртай болжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2020-10-30 16:22:18

Улаанбаатар /МОНЦАМЭ/. БШУЯ-наас зургаа дахь жилдээ хэрэгжүүлж буй “Инженер, технологийн дээд боловсрол” төслийн хүрээнд “Таны амжилт шийдвэр гаргахаас эхэлнэ” уриан дор “1000 инженер-ажлын байр 2020” өдөрлөгийг өнөөдөр зохион байгууллаа.


Япон улсад инженерийн чиглэлээр “Инженер, технологийн дээд боловсрол” төслийн хүрээнд анхны төгсөлтийн бакалаврын 51 оюутан, коллежийн гурав дахь төгсөлтийн 23 оюутан, нийт 67 оюутан суралцаж төгсжээ. Энэхүү өдөрлөг төслийн хүрээнд суралцаж төгссөн төгсөгчдийг хүссэн байгууллагадаа эзэмшсэн мэргэжлээрээ ажиллах боломж бололцоог нээж өгч буйгаараа онцлогтой гэж зохион байгуулагчид үзэж байна.


Уг төслийн зохицуулагч Д.Намсрай хэлэхдээ, Өнгөрсөн жил анхны төгсөгч 25 оюутан бүгдээрээ Монголын томоохон компаниудад ажилд орсон. Энэ жилийн 67 оюутнаас одоогийн байдлаар 36 нь ажлын байраа сонгож, ажилд орсон. Коосэн хөтөлбөрт хамрагдаж байгаа оюутнууд англи болон япон хэлний 1,2 дугаар шатлалд бүрэн тэнцсэнээрээ онцлогтой. Бахархаж хэлэхэд манай оюутнууд Японы их дээд сургууль, коллежид очоод эхний 5-д жагссан. Японы их дээд сургуулийн элсэлтийн ерөнхий шалгалт өгөхөд япон хэл, тоо, физикийн оноогоороо дэлхийн дундаж үзүүлэлтээс бүгд дээш гарсан” гэв.

 

Мөн өдөрлөгийн үеэр төгсөгчдөд ажлын байрны урилга гардуулсан юм. “М-Си-Эс Холдинг” ХХК-ийн хүний нөөцийн захирал Б.Цолмон, “Төслийн багтай хамтарч ажиллана гэдэг төгсөгчдийг ажиллуулж, ур чадварыг нь хөгжүүлнэ гэсэн үг юм. Сонгон шалгаруулалтаар өнөөдөр 2 үндсэн ажилтны урилга гардууллаа. Өнгөрсөн жилээс хойш нийт 5 хүн ажлын байртай болсон. Манай группын хувьд бусад төгсөгчдөд нээлттэй ажлын байр зарласан. Ажилд авахдаа нэн тэргүүнд мэргэжлийн ур чадвар, хувь хүний зорилго нь компанийн зорилготой нийцэж байгаа эсэх, суралцах, хөгжиж тэмүүлэх хүсэл эрмэлзлэлтэй байгааг голчилдог. Шинэ төгсөгчдөд тууштай, хариуцлагатай, соёлтой, эхлүүлсэн ажлаа дуусгадаг, чамбай, онол практикийг хослуулж, тэмүүлэлтэй байх нь ажилд ороход давуу талтай” хэмээв.

Японы Нагаока технологийн их сургуулийг механик инженерийн мэргэжлээр 2020 онд төгссөн Ж.Нинжбадгар “М-Си-Эс Холдинг” ХХК-ийн үндсэн ажилтан болох урилга гардсан юм. Тэрбээр, “Сургуулиа төгсөх үед хөтөлбөр зарлагдаад эхний шатны шалгалт аймаг орон нутагт явагдсан. Дараагийн шат нь ЭЕШ-ын тоо, физикийн оноогоор босго тавьсан. Миний тооны оноо 740, физикийн оноо 760 байсан. ШУТИС-д 1, 2-р курст суралцаад  3,4-р курст Япон улсад суралцаж төгссөн” гэв.

Хөтөлбөрт хамрагдсан оюутнууд монголд суралцаж байх хугацаандаа япон хэлээ давхар судалж, мэргэжлийн олон шалгалтыг өгдөг аж. Үүний дараа тус улсын ерөнхий шалгалтыг өгнө. Тэнцсэн оюутнуудтай элсэлтийн комисс уулзаж, ярилцлага авдаг байна.

Тус өдөрлөгийн үеэр М-Си-Эс холдинг, Юу Эс Пи Монгол ХХК-уудтай хамтран ажиллах санамж бичиг байгуулав. Өдөрлөгт барилга, инженер, мэдээллийн технологи, дэд бүтэц, архитектур, үйлдвэрлэлийн чиглэлээр ажилладаг Монголын томоохон 30 гаруй аж ахуй нэгж байгууллага оролцсон юм.


Т.Билгүүн




Холбоотой мэдээ