Д.Хаянхярваа: "Эрдэнэс Монгол" Норвегийнх шиг том сан бий болгох зорилт тавьсан

Монголын мэдээ | Эдийн Засаг
192@montsame.mn
2020-10-30 17:11:12

Улаанбаатар /МОНЦАМЭ/. "Эрдэнэс Монгол" ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Хаянхярваатай товч ярилцлаа. Төрийн өмчит компаниудын нэгдэл "Эрдэнэс Монгол" ХХК-ийн гүйцэтгэх захирлаар томилогдоод удаагүй байгаа тэрээр өнөөдөр "Шангри Ла" зочид буудалд болсон уул уурхайн хөрөнгө оруулагчдын “Discover Mongolia-2020” олон улсын чуулга уулзалтад “Хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны боломжууд" сэдвээр илтгэл хэлэлцүүлсэн юм.

-Манай улсын нутаг дэвсгэрээр дамжин өнгөрөх, ОХУ-аас БНХАУ-ыг холбосон байгалийн хийн хоолой барих төслийг хэрэгжүүлэхэд Монголын тал юу хийж байна вэ?

-Хийн хоолой дамжуулах дээр компани байгуулсан, энэ ажлыг аль болох урагшлуулахын төлөө, ОХУ-ын талтай хамтран ажиллаж байгаа. Ойрын үед ОХУ-ын "Газпром" компанийн дэд ерөнхийлөгч манай улсад ирж, маршрут зэрэг бүх юмаа газар дээр нь харж танилцах төлөвлөгөөтэй байсан. Гэвч "COVID-19"-ээс болж жаахан хойшлоод байх шиг байна. Ер нь бол бид хамтарсан цахим хурал хийж ажил төрлөө ярилцаж байгаа. 


-Салхитын ордтой холбоотойгоор тэтгэврийн зээлгүй 200 орчим мянган ахмадад зориулсан "Эрдэнэс" бонд гаргаж санхүүжүүлэх гэж буй. Энэ ажил ямар шатанд явж байна? 

-Үүнийг "Эрдэнэс Монгол" нэгдлийн охин компани "Эрдэнэс Силвер ресурс" ХХК хариуцаж байгаа. Би саяхан очиж ажилтай нь танилцсан. Салхитын мөнгөний ордод баяжуулах нэг үйлдвэр нь ажиллаж байна. Одоо 380 вольтын цахилгаан дамжуулах 2 шугам тавьж 2 дахь болон 3 дахь үйлдвэрээ ажиллуулахаар үйлдвэрлэлээ өргөтгөж байна. "Эрдэнэс Силвер ресурс"-ын танилцуулж байгаа тооцооллоор ирэх оны 5 дугаар сард 224 тэрбум төгрөг гаргаж ахмадуудад олгоно гэсэн зорилттой байна.  Тодруулбал, 2 дахь баяжуулах үйлдвэрээ энэ онд багтааж оруулаад, 600 мянган тонн баяжмал гаргаад явбал дээрх хэмжээний мөнгийг төсөвт төвлөрүүлэх боломжтой гэсэн тооцоог компани дээрээ хийсэн юм билээ. Гэхдээ энэ тооцоо үндэслэлээ нарийн нягталж, одоо байгаа хүдрийнхээ нөөц, баяжмалын агууламжийг судлаж шинэчлэн тогтоож, ил тод болгож бай шийдэхгүй бол энэ бол том хариуцлага, үүрэг гэдгийг би компанийн захиралд хэлсэн. 


Монголын уул уурхайн компаниудыг дэлхийн түвшинд гаргахын тулд боловсон хүчинд тавих шаардлагаа өндөрсгөнө


-"COVID-19"-ийн цар тахлын дараа Монголын эдийн засаг чухам уул уурхайн өсөлтөөр сэргэнэ гэж олон хүн үзэж, энэ талаар өнөөдрийн чуулганаар хөндөж байна. Ер нь төлөв хэр байна вэ. Сайжрах боломж харагдаж байна уу?

-Өөрийн ажиглаж буйгаар, мөн компанийнхаа энэ чиглэлээр ажиллаж буй мэргэжилтнүүдийн мэдээллийг сонсож байхад зэсийн үнэ сүүлийн жилүүдэд тогтвортой, бас бага зэрэг өсөлттэй байх хандлагатай байгаа. Алтны үнэ байнга дээшилж, түүхэндээ байгаагүйгээр өсөж байна. Нүүрсний тухайд хэрэв бид өөрсдөө ачиж, тээвэрлэн гаргаж чаддаг юм бол БНХАУ-ын тал их хэмжээгээр авах боломжтой байна. БНХАУ, Австралийн хоорондын харилцаанаас үүдээд манай нүүрс Хятадын зах зээлд илүү гарах боломж нээгдэнэ гэж үзэж байна. 


Гашуун сухайт-Тавантолгойн чиглэлийн төмөр замыг 2022 онд багтаан ашиглалтад оруулж чадах юм бол манай улс 2 урсгалаар буюу автозам болон төмөр замаар нүүрсээ гаргах боломж бүрдэнэ. Тиймээс бид ямар ч байсан энэ жилийн төсөвт тусгасан нүүрс, зэс, алт зэрэг байгалийн эрдэс баялагтай холбоотой эерэг төсөөлөл авсныг би хувьдаа нэг их буруу биш гэж бодож байгаа. 

-Та шинэ ажлаа юунаас эхлэв. Төрийн өмчит компаниуд сайн менежмент нэвтрүүлэхэд юу хийх хэрэгтэй гэж та үзэж байна?

-Би өнөөдөр тавьсан илтгэлдээ төрийн өмчит компаниудыг хөрөнгө санхүүгийн хувьд чадавхжуулах, мөн удирдах бүрэлдэхүүн, удирдаж буй боловсон хүчний чадавхийг сайжруулахад анхаарах хэрэгтэйг дурдсан. Энэ талаар би компаниудын бүх удирдлагад хэлж байгаа. Яагаад гэвэл бид "Эрдэнэс Монгол"-ыг их өөдрөгөөр төсөөлж байгаа шүү дээ. 2006 оноос эхлээд энэ чиглэлээр ажиллаж, үндэсний хэмжээний холдинг компани болох зорилт тавьсан.


Норвегийн Баялгийн сан шиг тийм санг бий болгох, тийм хэмжээний том корпораци болгох зорилт тавьсан. Дэлхийн ижил төстэй том компаниудын байдлаас харахад бид компаниудынхаа үйл ажиллагаа, бүтэц, зохион байгуулалт, удирдлагын болон боловсон хүчний чадавх зэрэг олон хүчин зүйлийг эргэж харах шаардлагатай байна. Тиймээс бид боловсон хүчинд тавих шаардлагаа өндөрсгөнө. 

-Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг таны өмнөх удирдлагуудын үед боловсруулж бэлэн болсон гэсэн. Төслийг хэзээ өргөн барих вэ?

-Одоо хийх ажил гэвэл Ирээдүйн өв сангийн хууль болон Үндэсний баялгийн сангийн хууль байна. Энэ хоёр хуульд юу давхцаж байна, эдгээрт ямар өөрчлөлт орох зэргийг Сангийн яам, бусад холбогдох газруудтай ярилцаж нарийвчлан шийднэ. Тиймээс энэ хоёр хуулийн харьцуулсан судалгааг гарга гэдгийг би компанийнхандаа хэлж байгаа. Ингэж байж энэ хуулиудыг өргөн барих учиртай. Аль болох ойрын хугацаанд өргөн барихаар ажиллаж байна. 


Тодруулга: “Эрдэнэс Монгол” ХХК эрдэс баялаг, эрчим хүчний салбарт дараах төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Үүнд:

  • Евразийг холбох “Сибирийн хүч-2” хийн хоолойн төслийг дэлхийн тэргүүлэгч компаниудтай хамтран хэрэгжүүлэх.
  • Салхитын мөнгөний ордыг богино хугацаанд эдийн засгийн эргэлтэд оруулж, хүчин чадлыг нэмэгдүүлж, ирэх онд 900 мянган тонн хүдэр боловсруулах үйлдвэрийг ашиглалтад оруулахаар ажиллаж байна. 
  • Эрдэс баялгийн түүхий эдийг зохион байгуулалттай зах зээлийн тогтолцоогоор дамжуулан арилжаалах "Эрдэс баялгийн бирж"-ийн ТЭЗҮ-ийг боловсруулж байна.
  • Асгатын мөнгөний ордыг эдийн засгийн эргэлтэд оруулж, кокс, ган төмөрлөг үйлдвэрлэж, дотоодын хэрэгцээгээ бүрэн хангаж, экспортын нэг төрөл бүтээгдэхүүн болгох төслийг “Эрдэнэс Стийл” компани хэрэгжүүлж байна
  • Шивээ-Овоогийн уурхайг түшиглэн 200 МВт дулааны цахилгаан станц байгуулахаар төлөвлөж байна.

Ярилцсан Б.Болд

Гэрэл зургийг Б.Чадраабал

Холбоотой мэдээ