“Ховдоо магтъя” дууны шүлгийн уралдаан зарлалаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2020-10-31 13:02:49

Ховд /МОНЦАМЭ/. Ардын хувьсгалын 100 жил, Ховд аймаг байгуулагдсаны 90 жилийн ойд зориулан “Ховдоо магтъя” дууны шүлгийн уралдаан зарлалаа.

Ховд аймаг нь байгалийн үзэсгэлэнт газар, олон угсаатны өв соёл, ёс заншлаараа ялгардаг. Тиймээс Ховд нутгийн онцлогийг шингээсэн, ард иргэдийн дунд бахархан дуулагдах “дуу” бүтээхээр зорьж байна. Үүнтэй холбогдуулан “Ховдоо магтъя” сэдэвт дууны шүлгийг тодруулах зорилго бүхий уралдаан зохион байгуулахаар шийдвэрлэжээ.

Тус уралдааны зорилго, үндсэн шалгуур үзүүлэлт, журмын талаар өнөөдөр албаны эх сурвалж танилцууллаа.

Тодруулбал, дууны шүлэг нь Ховд аймгийн олон угсаатны бүлэг, байгаль, ахуй амьдрал, өв соёл, түүхэн гавьяаг илэрхийлсэн уран яруу үг хэллэг, утга агуулгатай, орчин үеийн хэв маягтай, ая хийхэд тохиромжтой, дөрвөөс дээш бадаг, дахилттай байх гэж тусгажээ.  

“Ховдоо магтъя” дууны шүлгийг 2020 оны 11 дүгээр сарын 15-25-ны өдөр Javzaa_0623@yahoo.com цахим хаягаар хүлээн авна. Тиймээс оролцогчид материал илгээхдээ өөрийн нэр, регистрийн дугаар, оршин суугаа газрын хаяг, утасны дугаар зэргийг тодорхой бичиж, бүртгүүлэх учиртай.

Дууны шүлгийн уралдааны үндсэн шалгаруулалт ирэх 12 дугаар сарын 01-ний өдөр Ховд аймгийн Засаг даргын Тамгын газарт болох юм. Энэхүү уралдааны тэргүүн байрт нэг сая төгрөгийн шагнал урамшуулал олгохоор төлөвлөжээ.  

Холбоотой мэдээ